Уншиж байна ...

Европын эрх баригчид Гринландтай холбоотой Трампын сүрдүүлгийн эсрэг хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гринланд арлыг АНУ-д нэгтгэхийг эсэргүүцэж буй Европын найман улсыг импортын нэмэлт татвараар шийтгэх болсноо ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Бямба гарагт зарласан билээ.

Тэгвэл уг шийтгэлд хамрагдсан Дани, Норвеги, Швед, Франц, Герман, Их Британи, Нидерланд, Финланд улсууд ижил төстэй хариу арга хэмжээ авахаар болсноо өчигдөр зарлажээ.

“Татварын сүрдүүлэг нь Атлантын далайг дамнасан түншлэлийн харилцааг сүйтгэх эрсдэлтэй үйлдэл юм. Бид хараат бус байдлаа тууштай хамгаалах болно” гэж эдгээр улсуудын хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Ням гарагт Европын Холбооны дипломатчид уулзахдаа өнгөрсөн зун АНУ-тай худалдааны гэрээ байгуулсны дараа түдгэлзүүлсэн 93 тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулах төлөвлөгөөгөө сэргээх талаар хэлэлцжээ.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хэрвээ Трамп зарласан арга хэмжээгээ хэрэгжүүлбэл Европын Холбоо хүчтэй хариу үйлдэл үзүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж, бусад удирдагчдаас энэ санаагаа дэмжихийг уриалсан тухай Францын хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ нь албадлагын эсрэг хуулийг анх удаа хэрэгжүүлэх тухай асуудал юм.

Трампын сүрдүүлгийн дараа Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста өөрийн гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганыг Пүрэв гарагт зохион байгуулах товыг зарлажээ.

Европын Холбооны албадлагын эсрэг хуулийг өмнө нь ганц ч удаа хэрэгжүүлж байгаагүй юм.

Энэ хууль өөрийнх нь бодлогыг хүчээр өөрчлөхийг оролдсон аливаа улсын эсрэг шийтгэлийн хатуу арга хэмжээ авах боломж олгодог.

Дээр дурдсан 93 тэрбум еврогийн дүнтэй барааны импортын татварыг АНУ-ын автомашин, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, хүнсний бараа зэрэгт ногдуулахаар Брюсселийн эрх баригчид төлөвлөж байсан ч Трампын засаг захиргаатай худалдааны гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн тул түдгэлзүүлж байсан юм.

Ням гарагт Европын Холбооны 27 гишүүн орны элчин сайд нар Трампын сүрдүүлэгт ямар хариу үйлдэл үзүүлэх талаар эхний уулзалтыг зохион байгуулжээ.

Трампын шийтгэлд Европын Холбооны зургаан улсаас гадна Их Британи, Норвеги хамрагдаж байгаа.

Хоёрдугаар сарын нэгнээс эхлэн АНУ-д нийлүүлэгдэх эдгээр найман улсын бүх бараа бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татвар ногдуулах, хэрвээ Гринландыг нэгтгэх санааг нь дэмжихгүй хэвээр байвал зургаадугаар сараас 25 хувь болгон өсгөх тухай Трамп мэдэгдсэн юм.

Тэрбээр үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршдог Гринланд арлыг АНУ-д ямар нэг аргаар нэгтгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа.

 

Эх сурвалж: Reuters