Уншиж байна ...

Тайландад нэг хоногийн дараа дахин нэг өргөгч цамхаг нурж, хоёр хүний амь үрэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Тайландын төмөр замын дээрээс барилгын өргөгч цамхаг нурж унасны улмаас галт тэргээр зорчиж байсан 32 хүний амь үрэгдэж, 60 гаруй хүн бэртсэн билээ.

Тэгвэл энэ ослын маргааш дахин нэг өргөгч цамхаг нурснаас хоёр хүн амиа алджээ.

Уг өргөгч цамхаг нийслэл Бангкок хотын захын Самут Сакхон дүүрэгт хурдны замын барилгын ажилд ашиглагдаж байсан гэнэ.

Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгээс харвал зам дээр унасан цамхагт автомашинууд дарагджээ.

Дээрх ослуудын аль аль нь Тайландын хамгийн том барилгын компаниудын нэг Итали-Тай Хөгжлийн компанийн хэрэгжүүлж буй төслүүд дээр гарсан байна.

Тус компани өчигдөр осол гаргасандаа уучлал гуйж, гүн эмгэнэл илэрхийлээд хохирогсдод нөхөн төлбөр олгохоо амлажээ.

Дээрх ослууд нь Тайланд улсад барилгын аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандартын хэрэгжилт ямар түвшинд байгааг харуулж байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сард газар хөдлөхөд Итали-Тай Хөгжлийн компанийн Бангкок хотод босгож байсан цамхгийн барилга нурж байсан юм.

Бангкокоос өмнө зүгийг чиглэсэн замын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд сүүлийн долоон жилийн хугацаанд олон тооны осол гарсан бөгөөд үүний улмаас нийтдээ 150 орчим хүн амиа алджээ.

Тайландын ерөнхий сайд Анутин Чарнвиракул цуврал ослын дараа Итали-Тай Хөгжлийн компанитай байгуулсан гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулж, шүүхэд өгөх даалгаврыг тээврийн сайддаа өгсөн байна.

 

Эх сурвалж: BBC