Тайландын зүүн хойд бүс нутагт өчигдөр барилгын өргөгч цамхаг төмөр замаар явж байсан зорчигч тээврийн галт тэрэг дээр унасны улмаас 32 хүн амиа алдаж, 66 хүн бэртжээ.
Уг ослын улмаас галт тэрэгний цувааны хэд хэдэн вагон замаасаа гарч, нэг нь шатсан байна.
Бэртэж гэмтсэн хүмүүсийн дотор нэг настайгаас эхлээд 85 хүртэл настай хүмүүс байсны долоогийнх нь биеийн байдал хүнд байгааг эрх баригчид мэдээлжээ.
Өглөөний 09:00 цагийн үед уг осол гарахад галт тэргээр 171 хүн зорчиж байсан байна.
Тайландын засгийн газар өргөгч цамхаг нь унасан барилгын компанийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Осол гаргасан Итали-Тай Хөгжлийн Компани эмгэнэл илэрхийлж, амиа алдсан болон гэмтсэн хүмүүсийн хохирлыг барагдуулахаа амласан байна.
Тухайн үед галт тэрэг нийслэл Бангкок хотоос зүүн хойд бүсийн Убон Ратчатхани мужийн чиглэлд аялж байжээ.
Зорчигчдын ихэнх нь оюутнууд, өөр орон нутагт хөдөлмөр эрхэлдэг ажилчид байсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар цамхаг нурахдаа өргөж байсан том бетон хийцээ төмөр зам дээр унагажээ. Үүний улмаас галт тэрэг замаасаа гарсан байна.
Тухайн барилгын компани Бангкок хотыг хөрш Лаос улстай холбох шинэ төмөр замын бетон тулгуур хэсгийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байсан гэнэ.
$5.4 тэрбумын өртөгтэй энэ төслийг Хятадын засгийн газар санхүүжүүлжээ. Ослын улмаас зөвхөн галт тэрэг, төмөр замд учирсан хохирлын хэмжээ 100 сая бат ($3.1 сая) болж буйг Тайландын Төмөр Замын компани мэдээлсэн байна.
Тайландын хамгийн том барилгын компаниудын нэг болох Итали-Тай Хөгжлийн Компанийн босгож байсан Бангкокийн нэг цамхаг өнгөрсөн оны гуравдугаар сард газар хөдлөлтийн үеэр нурж байсан юм.
Энэ явдлын дараа тус компанийн ерөнхийлөгч болон хэд хэдэн дизайнер, инженер хайхрамжгүй байдлын улмаас мэргэжлийн алдаа гаргасан хэрэгт буруутгагдаж байжээ.
Бангкок дахь Хятадын элчин сайдын яам энэ удаагийн осолд тус улсын компани, иргэд ямар нэг оролцоогүйг мэдэгдсэн байна.
Тайланд улсад барилга бүтээн байгуулалт, дэд бүтэцтэй холбоотой осол эндэгдэл байнга гардаг нь аюулгүй байдлын стандарт, дүрэм журам сул хэрэгждэгтэй холбоотой.
2023 онд тус улсын зүүн хэсэгт ачааны галт тэрэг, төмөр замаар хөндлөн гарч байсан пикап автомашинтай мөргөлдөх үеэр найман хүн амиа алдаж, дөрвөн хүн бэртэж байв.
Сүүлийн долоон жилийн хугацаанд Бангкокийг өмнөд бүстэй холбосон замын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд олон тооны осол гарсны улмаас нийтдээ 150 орчим хүний амь үрэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!