Өчигдөр Гринланд арлын нийслэл Нүүк хотод Францын армийн цөөн тооны цэргээс бүрдсэн нэгж ирснийг албаныхан мэдээлжээ.
Үүнээс гадна Герман, Швед, Норвеги, Финланд, Нидерланд, Их Британи зэрэг Европын хэд хэдэн улс тагнуулын үйл ажиллагаа явуулах зорилготой жижиг хэмжээний багийг бас тус аралд түр хугацаанд байрлуулахаар илгээсэн байна.
Энэ бүхэн нь Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршдог Гринланд арлыг АНУ-д хүчээр нэгтгэх ерөнхийлөгч Дональд Трампын сүрдүүлэг эрчимжсэнтэй холбоотой арга хэмжээ юм.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон илгээсэн анги нэгжээ удахгүй “газар, агаар, тэнгисийн хүчээр бэхжүүлнэ” гэж мэдэгджээ.
Үүний талаар Францын ахлах дипломатч Оливьер Пуавр д’Арвор “Энэ бол анхны алхам. Бид НАТО оршин байгааг АНУ-д харуулах болно” гэж хэлсэн байна.
Францын армийн эхний нэгж 15 цэрэгтэй юм байна.
Лхагва гарагт Дани, Гринландын гадаад хэргийн сайд нар АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнстэй уулзахаар Вашингтонд очсоноос хойш хэдхэн цагийн дараа ийнхүү Европын цэргүүд тус аралд газарджээ.
Дээрх уулзалтын дараа Данийн гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен яриа хэлэлцээ бүтээлч уур амьсгалтай болсон ч талуудын хооронд суурь зарчмын “санал зөрөлдөөн” хэвээр байгааг мэдээлсэн юм.
Үүний дараа Лхагва гарагийн орой Цагаан ордны зууван танхимд сэтгүүлчидтэй уулзахдаа ерөнхийлөгч Дональд Трамп “Үндэсний аюулгүй байдлын үүднээс Гринланд бидэнд хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Хэдийгээр тэр хүч хэрэглэх хувилбарыг үгүйсгээгүй ч Дани улстай ямар нэг байдлаар тохиролцож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
“Асуудлын гол нь Орос, эсвэл Хятад улс Гринландыг эзлэхийг оролдвол Дани үүнийг таслан зогсоож чадахгүй, харин бид чадна. Үүнийг та нар өнгөрсөн долоо хоногт Венесуэлд болсон үйл явдлаас харсан” гэж Трамп энэ үеэр хэлжээ.
Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт сэтгүүлчидтэй уулзахдаа Европын цэргүүд Гринландад газардсан нь Умард туйлын бүс нутгийн асуудлаар ерөнхийлөгчийн гаргах шийдвэрт нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн байна.
Польшийн ерөнхий сайд Дональд Туск тус улс Гринландад цэргээ илгээх Европын ажиллагаанд оролцохгүйг баталсан ч Гринландад АНУ-ын армийн гаргах аливаа үйлдэл “улс төрийн гамшиг” үүсгэхийг анхааруулжээ.
“Тус газар нутгийг НАТО-гийн нэг гишүүн орон өөртөө нэгтгэхийн тулд өөр нэг НАТО-гийн гишүүнтэй мөргөлдөхөд хүрвэл энэ нь олон жилийн турш бидний аюулгүй байдлыг хангаж ирсэн дэлхий ертөнцийн төгсгөл болно” гэж тэр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Европын орнуудын цэргүүд Гринланд аралд Дани улсын зохион байгуулах “Operation Arctic Endurance” хамтарсан байлдааны сургуулилалтад оролцох зорилготой юм.
Гэхдээ тэд хэр удаан байрлах нь тодорхойгүй байна.
Финланд улс төлөвлөлтийн үе шатандаа байгаа бөгөөд энэ удаа баримт мэдээлэл цуглуулах зорилготой хоёр офицерыг Гринландад илгээжээ.
“Яг одоо бид юуг ч үгүйсгэхгүй ч бас тодорхой төлөвлөгөөгүй байна” гэж тус улсын батлан хамгаалах яамны албан тушаалтан хэвлэлд ярьсан байна.
Герман улс өчигдөр A400M тээврийн нисэх онгоцоор 13 цэрэгтэй бүрэлдэхүүнийг Нүүк хот руу илгээжээ. Гэхдээ тэд Бямба гараг хүртэл Гринландад байрлах юм байна.
АНУ нь Гринланд арлын алслагдсан хэсэгт жижиг цэргийн баазтай бөгөөд тэнд 150 хүртэл тооны алба хаагч байрладаг гэсэн мэдээлэл бий.
Швед улсын засгийн газар армийн офицеруудаа Лхагва гарагт Гринландад илгээснийг өчигдөр мэдээлсэн байна. Норвеги улс хоёр алба хаагчаа, Британи, Нидерланд улсууд тус бүр нэг офицероо бас илгээжээ.
Хэдийгээр Европын орнуудын эхний алхам жижиг боловч Трампын засаг захиргаанд тодорхой дохио өгөх зорилго агуулж буй бололтой.
Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен өчигдөр хэлэхдээ Гринландыг батлан хамгаалах нь НАТО-гийн бүх холбоотнуудын санааг зовоосон нийтлэг асуудал болохыг мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!