Өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн үндэсний авто үйлдвэрлэгч Форд компанийн Мичиган мужийн Дийрборн хот дахь үйлдвэрт зочилсон юм.
Энэ үеэр үйлдвэрийн нэг ажилчин “педофилийг өмгөөлөгч!” хэмээн хашхирахад Трамп түүн рүү дунд хуруугаа харуулж байжээ.
Ажилчны энэ үйлдэл насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт ашигладаг байсан Жеффри Эпштейн агсны хэргийг санаатай нуун дарагдуулсан гэж Трампыг буруутгасан утгатай байсан юм.
Эпштейн шалгагдаж байх үедээ 2019 онд Нью-Йоркийн шоронд амиа хорлосон гэгдэж байгаа. Түүний хэрэгт Трампаас гадна Америкийн улс төр, бизнес, урлаг соёлын олон алдартны нэр холбогдсон юм.
Трамп руу хашхирсан ажилтнаа Форд компани халсан тухай мэдээ өчигдөр хэвлэлүүдээр цацагдсан байна.
Авто салбарын үйлдвэрчний эвлэл “United Auto Workers” бас түүний халагдсаныг баталжээ.
“Дийрборны үйлдвэрийн ажилчин манай эвлэлийн нэр хүндтэй гишүүн мөн” гэж тус эвлэлийн Форд дахь салбарын захирал Лаура Дикерсон хэлээд түүнийг халсан шийдвэрийг цуцлуулахаар шүүхэд хандаж байгаагаа мэдэгдсэн байна.
“Тэрбээр бидний хүндэлдэг үг хэлэх эрх чөлөөнд итгэдэг нэгэн бөгөөд бид гишүүнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэх болно” гэж тэр хэлжээ.
Форд компани одоогоор энэ талаар тайлбар өгөөгүй байна.
Хэвлэлүүд халагдсан ажилчин нь 40 настай Тэй Жи Сабула гэдэг хүн болохыг олж тогтоожээ.
Вашингтон Пост сонинд Сабула ярихдаа Эпштейний хэрэгт Трампыг буруутгаснаа хүлээн зөвшөөрсөн ч хийсэн үйлдэлдээ харамсахгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Олон нийт GoFundMe онлайн платформ дээр ажлаасаа халагдсан Сабулад туслах “TJ Sabula is a patriot!!” нэртэй хандивын хөдөлгөөн өрнүүлсэн нь $440,000 гаруйг цуглуулсан байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!