Уншиж байна ...

Хар тамхины картелын эсрэг тэмцэлд АНУ хөндлөнгөөс оролцох шаардлагагүйг Мексикийн ерөнхийлөгч мэдэгджээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мексик улсын ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум хар тамхины картелуудтай хамтран тэмцэх асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар “маш сайхан яриа” өрнүүлснээ өчигдөр мэдээлжээ.

Ингэхдээ уг тэмцэлд АНУ-ын цэргийг хөндлөнгөөс оролцуулах шаардлагагүйг тэд 15 минутын турш ярилцахдаа ойлголцсон гэнэ.

Өнгөрсөн Баасан гарагт Шэйнбаум тус улсад үйл ажиллагаа явуулдаг хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэх талаар Трампын засаг захиргаатай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байв.

Үүнээс өмнө Трамп өөрийн цэргийг Мексикт оруулахад бэлэн байгаагаа мэдэгдэж, хар тамхины картелууд Мексик улсыг удирдаж байгааг шүүмжилсэн юм.

Трамп өмнө нь ч бас АНУ-ын цэргийг Мексикт оруулах санал удаа дараа гаргаж, Шэйнбаум үүнийг тухай бүрд нь няцааж байлаа.

Харин Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог өргөөнөөс нь баривчилсан ажиллагааны дараа Мексик, Куба, Гринландын талаарх Трампын мэдэгдлүүд улам ноцтой болоод байгаа юм.

“Тэр (Трамп) Венесуэлд явуулсан ажиллагааныхаа талаар миний сэтгэгдлийг сонссон. Би манай үндсэн хуульд гаднын оролцоог хориглох талаар маш тодорхой заасан байдгийг түүнд тайлбарлалаа” гэж Шэйнбаум хэлжээ.

Гэсэн хэдий ч Трамп цэргийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсээр байсан гэнэ.

“Би түүнд одоогоор бүх зүйл маш сайн байгаа тул ингэх шаардлагагүйг хэлсэн. Бас Мексик улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын ач холбогдлыг тайлбарлахад тэр ойлгосон” гэж Шэйнбаум ярьжээ.

Пүрэв гарагт Fox News сувгаар ярихдаа Трамп “Бид усан замаар манайд ирдэг хар тамхи тээвэрлэлтийн 97 хувийг устгасан. Харин одоо хуурай газраар тээвэрлэдэг картелуудад санаа тавих болно. Картелууд Мексик улсыг удирдаж байна. Үүнийг харахад маш харамсалтай” гэж хэлсэн юм.

Ням гарагт Мексикийн гадаад хэргийн сайд Хуан Рамон де ла Фуэнте утсаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой ярьжээ. Энэ үеэр Рубио картелуудыг устгах үйл ажиллагаандаа “мэдэгдэхүйц үр дүн” гаргахыг өмнөд хөршийнхөө гадаад хэргийн тэргүүнээс хүссэн байна.

АНУ-ын худалдааны томоохон түнш гэдэг утгаараа Трампын засаг захиргаа Мексикт цэргээ оруулах магадлал бага гэж ажиглагчид үзэж байгаа.

Гэхдээ Трамп ийм сүрдүүлгээр Мексикийн эрх баригчдад дарамт шахалт үзүүлсээр байх төлөвтэй байна.

Шэйнбаум өчигдөр Трамптай утсаар ярихдаа Куба улсын асуудлыг хөндөөгүйг мэдээлжээ. Мексик нь тус улсын эдийн засгийн гол түнш юм. Ялангуяа Венесуэлийн газрын тос Кубад нийлүүлэгдэхээ больсноос хойш Мексикийн газрын тос улам чухал болоод байгаа.

 

Эх сурвалж: Associated Press