Флорида мужаас сонгогдсон Бүгд Найрамдах намын Конгрессын гишүүн өчигдөр Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршдог Гринланд арлыг АНУ-ын 51 дэх муж болгох хуулийн төсөл өргөн барьжээ.
Ерөнхийлөгч Трамп стратегийн чухал ач холбогдолтой тус арлыг ямар нэг арга замаар НАТО-гийн холбоотон Дани улсаас салгаж авах хүслээ илэрхийлсээр байгаа.
Үүнийг нь Дани болон Гринландын эрх баригчид хүчтэй эсэргүүцэж байна.
Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Рэнди Файн санаачилсан хуулийн төсөл нь “Гринландыг худалдаж авах болон нэгтгэхэд шаардлагатай аливаа алхам хийх” эрхийг АНУ-ын ерөнхийлөгчид олгож байгааг мэдэгджээ.
“Гринланд бол бидний үл тоомсорлож болох алслагдсан газар нутаг биш, энэ бол үндэсний аюулгүй байдлын чухал хөрөнгө юм” гэж Файн тайлбарласан байна.
Эрдэс баялгийн арвин нөөцтэйгөөс гадна Умард туйлын бүс нутагт стратегийн чухал байрлалтай Гринландыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд асар өндөр ач холбогдолтой гэж Трамп үздэг.
Хэрвээ АНУ тус арлыг эзэмшихгүй бол Орос, Хятад улсуудын аль нэгний өмч болно гэж тэр үзэж байгаа.
Ардчилсан намаас гадна Бүгд Найрамдах намын зарим хэсэг хууль тогтоогчид ч бас Трампын энэ байр суурийг эсэргүүцэж байна.
Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен хэрвээ Гринланд арлыг АНУ хүчээр эзлэхийг оролдвол энэ нь 32 гишүүнтэй цэргийн эвсэл НАТО-гийн төгсгөл болохыг анхааруулж байв.
Трампын санааг зовоож буй гол асуудлын хариуд НАТО болон Гринландын захиргаа Даваа гарагт тус арлын аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа зарлажээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!