Уншиж байна ...

Амь үрэгдсэн тэмцэгчдийн тоо 2,000 давж, Трамп “тусламж замдаа гарсан”-ыг иранчуудад мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “тусламж ирэх” хүртэл тэмцлээ үргэлжлүүлж, өөрсдийнх нь эсрэг хүч хэрэглэсэн этгээдүүдийн нэрсийг марталгүй санаж байхыг өчигдөр Ираны ард иргэдэд уриалжээ.

“Ираны эх орончид оо, тэмцлээ үргэлжлүүлж, өөрсдийн засгийн эрхийг булааж ав!!! Тусламж замдаа гарсан” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.

Ингэхдээ Трамп “тусламж” гэж яг юуг хэлж байгаагаа тайлбарлаагүй юм.

“Утга учиргүй аллага”-аа зогсоох хүртэл нь Ираны албаныхантай ямар ч яриа хэлэлцээ явуулахгүй гэдгээ мэдэгдсэн Трамп хожим хатуу шийтгэл оноох тул “алуурчид, хүчирхийлэгчдийн нэрсийг санаж байх”-ыг иранчуудад уриалжээ.

Өчигдөр Ираны эрх баригчид гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй жагсаал тэмцлийн үеэр 2,000 орчим хүн амиа алдсаныг зарласан нь ийм тоо баримтыг албан ёсоор мэдээлсэн анхны тохиолдол байлаа.

АНУ-д төвтэй хүний эрхийн HRANA байгууллага нийт 2,003 хүн амиа алдсаны 1,850 нь тэмцэгчид байсныг мэдээлжээ.

Баривчлагдсан хүний тоог 16,784 гэж зарласан нь хамгийн сүүлд Даваа гарагт зарлаж байсан тооноос огцом өссөн үзүүлэлт байлаа.

“Тусламж айсуй” гэсэн үг ямар утгатайг Трампаас асуухад тэр сэтгүүлчдэд “өөрсдөө олж мэдэх”-ийг зөвлөжээ.

Даваа гарагийн орой Трамп 25 хувийн импортын татварыг Ирантай худалдаа хийдэг улс орнуудын бүтээгдэхүүнд ногдуулж байгаагаа зарласан юм.

Энэ нь Ираны газрын тосыг худалдаж авдаг орнуудад том цохилт болохоор байна.

Трамп энэ үеэр бас Ираны дэглэмийн эсрэг цэрэг, зэвсгийн хүч хэрэглэх хувилбарыг судалж байгаагаа мэдэгдэж байлаа.

АНУ-ын төрийн департамент өчигдөр өөрийн иргэдэд Иранаас гарч явахыг уриалжээ. Ингэхдээ хөрш Турк, Армени улсуудаар дамжин хуурай замаар гарах аргыг зөвлөсөн байна.

Тегераны эрх баригчид иргэдийн тэмцлийг хязгаарлахын тулд интернэт сүлжээг таслаад байгаа. Үүрэн холбооны үйлчилгээг мөн зогсоосон байснаа буцааж сэргээснийг НҮБ мэдээлжээ.

Ирэх Ням гарагт Трамп тэрбумтан Илон Масктай интернэт холболтыг сэргээх боломжийн талаар ярилцах гэж байгаагаа мэдэгдсэн байна.

Хаалттай нийгэмтэй улс орнуудад мэдээлэл авах эрх чөлөөг дэмжих чиглэлээр ажилладаг АНУ-ын “Holistic Resilience” байгууллага өчигдөр Маскийн Старлинк хиймэл дагуулын интернэт үйлчилгээ Иран даяар үнэ төлбөргүй ашиглагдаж эхэлснийг мэдээлжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй холбоотой эхэлсэн иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн 1979 оны Исламын хувьсгалаар тогтсон Тегераны дэглэмд урьд өмнө байгаагүй том сорилт болж байна.

Тус улсын эрх баригчид уг хөдөлгөөнийг АНУ, Израилийн зүгээс турхирсан үйл ажиллагаа гэж үзэж байгаа.

Өчигдөр Ираны аюулаас хамгаалах албаны тэргүүн Али Ларижани тус улсын ард иргэдийн “гол алуурчин” АНУ-ын ерөнхийлөгч Трамп, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар болохыг сошиал хуудсаараа мэдэгджээ.

Тегераны эрх баригчид одоогоор Трампын 25 хувийн татварын шийтгэлийн талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Харин Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч Хятад улс Трампын шийдвэрийг буруушаасан утгатай мэдэгдэл гаргажээ.

 

Эх сурвалж: Associated Press