Уншиж байна ...

Тусгай прокурорын баг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асанд цаазын ял оноох хүсэлтийг шүүхэд гаргалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр үндсэн хууль зөрчин улс орон даяар цэргийн дэглэм тогтоохыг завдсан үйлдлээрээ төрийн эсрэг бослого гаргасанд буруутгаж, энэ хэргийнх нь төлөө цаазын ял оноох хүсэлтийг шүүхэд гаргаж байгаагаа тусгай прокурорын баг өчигдөр зарлажээ.

Түүний шүүх хурлыг хоёрдугаар сарын 19-нд товлосон байна.

Тусгай прокурорын баг ерөнхийлөгч асны гэмт хэргийг “үндсэн хуулийн засаглалыг устгах урьд өмнө байгаагүй, ноцтой үйлдэл” гэж дүгнэжээ.

Өмнөд Солонгосын эрүүгийн хуулийн дагуу төрийн эсрэг бослого зохион байгуулсан тохиолдолд зөвхөн гурван төрлийн ял оноодог.

Эдгээр нь цаазын ял, хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй бүх насаар хоригдох ял, хөдөлмөр эрхлэлгүй бүх насаар хоригдох ял юм. Эдгээрээс хөнгөн ял оноохыг хориглодог.

Юн Сүк Ёл цэргийн дэглэм зарлах үедээ өөрийнхөө шийдвэрт парламентаар хориг тавиулахгүйн тулд цэргүүдэд Үндэсний Ассамблейн байрыг хаах, Үндэсний Сонгуулийн Хорооны байрыг эзлэх тушаал өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ус, цахилгаан хангамжийг таслахыг оролдсон нь ийм хатуу шийтгэл оноох үндэслэл болж буйг прокурорууд тайлбарлажээ.

Түүнийг мөн тухайн үед сөрөг хүчний гол намын дарга байсан одоогийн ерөнхийлөгч И Жэ Мюн, Үндэсний Ассамблейн дарга У Вон Шик, Ард Түмний Хүч намын дарга асан Хан Дон Хүүн нар болон Үндэсний Сонгуулийн Хорооны албан тушаалтнуудыг баривчлах, цагдан хорих тушаал өгсөнд буруутгасан байна.

Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён, Үндэсний Цагдаагийн Газрын дарга асан Чо Жи Хи зэрэг цэрэг, цагдаагийн долоон албан тушаалтныг Юн Сүк Ёлын хамсаатан болж, төрийн эсрэг бослого гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгажээ.

Прокурорын тусгай баг сайд асан Кимд бүх насаар хорих ял, Юн Сүк Ёлын тушаалыг биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн армийн өндөр албан тушаалтан асан Но Сан Вонд 30 жилийн хорих ял оноох хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Эх сурвалж: Yonhap News