Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо өнгөрсөн оны Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн билээ.
Саяхан тэр энэ шагналаа дарангуйлагч Николас Мадурог төрийн эрхээс зайлуулсан АНУ-ын ерөнхийлөгчид шилжүүлж өгөх санаачилга гаргасан юм.
Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Нобелийн энх тайвны шагналыг хүртэх хүчтэй сонирхолтой нэгэн бөгөөд үүнийгээ ч нуудаггүй.
Гэвч Нобелийн шагналын хороо нэгэнт олгогдсон шагналыг “цуцлах, хуваалцах, шилжүүлэх” боломжгүйг мэдэгджээ.
“Түүний хийсэн зүйл бол түүхэн үйл явдал. Энэ бол ардчилсан шилжилтэд хүрэх маш том алхам” гэж Мачадо өнгөрсөн долоо хоногт Fox сувгаар ярихдаа өөрийн шагналыг шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Сүүлд Трампаас шагналыг хүлээж авахад бэлэн эсэхийг сэтгүүлчид асуухад “хэрвээ тэгвэл нэр төрийн хэрэг байх болно” гэж хариулжээ.
Гэвч Норвегийн Нобелийн Хороо, Норвегийн Нобелийн Хүрээлэн ингэж шилжүүлэх боломжгүйг анхааруулсан байна.
“Нобелийн шагналыг нэгэнт зарласан бол цуцлах, бусадтай хуваалцах, эсвэл шилжүүлэх боломжгүй. Шийдвэр эцсийнх бөгөөд мөнхөд хүчинтэй байх болно” гэж тэд мэдэгдэлдээ тайлбарлажээ.
Урьд өмнө нь шагналыг бусдад шилжүүлж байсан тохиолдол байхгүйг бас баталсан байна.
Мачадо өнгөрсөн сард Венесуэлээс нууцаар Норвегийн нийслэл Осло хотод очиж, шагналаа гардан авч байв.
Одоогоор Трамп түүнийг Венесуэлийн дараагийн удирдагч гэж нэрлэхээс зайлсхийж байгаа. Трампын засаг захиргаа Мадурог залгамжилсан дэд ерөнхийлөгч Дэлси Родригесийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлээд байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!