Уншиж байна ...

Л.Ариунтуяа: Өнгөрсөн онд СТӨ өөрийн 550 гаруй сая, нийслэлээс 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж зарим засварыг гүйцэтгэсэн

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дөрвөн блок бүхий Соёлын Төв Өргөө/СТӨ/ 1988 онд ашиглалтад орж байжээ. Тус өргөөг хүчитгэх, их засвар хийх талаар холбогдох албаныхан судалж байгаа аж.

Энэ тухай СТӨ-ний дарга, НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа “Соёлын Төв Өргөөг ОХУ-аас барьж, бэлэглэж байсан. Энэ том байгууламжид их засвар хийгдээгүй учир мэргэжлийн байгууллагуудаар эрсдэлийн үнэлгээ хийлгэхэд сууриараа ус нэвчиж орж ирдэг, дулааны маш их алдагдалтай, эрчим хүчний тоноглол хуучирсан, дулааны тоноглолуудад их засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлтүүд гарсан.

2025 онд СТӨ өөрийн дотоод нөөц бололцоогоор буюу 550 гаруй сая төгрөгийн, нийслэлийн төсвөөс 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ингэхдээ зургаан ажилд тендер зарлаж, зарим засварыг гүйцэтгэсэн юм.

Бид мэргэжлийн байгууллагуудаар ул суурьтай шалгуулж, дүгнэлт гаргуулж, төлөвлөлт хийж түүхэн барилгаа авч үлдэхээр ажиллаж байна. Нийслэлийн өмчийн байраа өөрсдөө эзэмшиж, өөд нь татахыг зорьж байна” гэв.

Өнгөрсөн жил лифт болон үүдний хэсэг, цахилгааны зарим шугамд засвар хийсэн бол энэ жил дулааны шугам сүлжээнд засвар хийхээр төлөвлөжээ. Тус өргөөг 2025-2027 онд засварлах нийт төсөвт өртөг 7.2 тэрбум төгрөг бол энэ онд 3.6 тэрбум төгрөгийг НИТХ баталсан байна.

Соёлын Төв Өргөө нь 15 мянган м.кв бөгөөд үндсэн дөрвөн блокоос бүрддэг байна.