Соёлын төв өргөөний барилгыг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулж, саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайд өгчээ.
Тодруулбал 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн 12 үүрэг даалгаврын нэгт дээрх асуудлыг тусгасан байна.
Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад танилцуулга нь болоогүй байгаа ба энэ талаар мэдээлэл өгөх хүн одоогоор байхгүй байгаа юм байна. НЗД-ын орлогч Т.Даваадалайгийн хувьд 12-р сарын 30-ны шуурхай хурал дээр байгаагүй, чөлөөтэй байсан учир уг үүрэг даалгаврын талаар мэдээлэл аваагүй байгаа аж.
Түүнчлэн өчигдөр энэ асуудалд цахим орчинд тарж эхэлсэнтэй зэрэгцэн ulaanbaatar.mn сайт дээр байршсан уг мэдээллээс 12 дахь хэсгийг нь хасжээ.
Мөн энэ жилийн нийслэлийн төсөвт "Соёлын төв өргөө"-ний хөрсний ус зайлуулах, барилгын их засвар, тоног төхөөрөмжийн ажилд 3.6 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!