Уншиж байна ...

Трамп “хэт оройтохоосоо өмнө тохиролцох” шаардлагатайг Куба улсын эрх баригчдад анхааруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоног гаруй хугацааны өмнө Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсныхаа дараа түүний холбоотон Куба улсад анхаарлаа хандуулж эхэлжээ.

Венесуэл нь Кубын коммунист дэглэмийн эдийн засгийн гол эх үүсвэр болдог бөгөөд өдөрт 35,000 баррель газрын тос нийлүүлдэг гэх мэдээлэл бий.

Өчигдөр буюу Ням гарагт Трамп сошиал хуудсандаа “Куба улс Венесуэлийн их хэмжээний газрын тос, мөнгөн дээр олон жил тогтож ирсэн. Куба улс үүнийхээ хариуд Венесуэлийн сүүлийн хоёр дарангуйлагчийн аюулгүй байдлыг хангаж байсан. Гэвч одоо энэ бүхэн төгсгөл болж байна” гэж бичжээ.

Тэрбээр цааш нь “Одоо ямар ч газрын тос, мөнгө Кубад очихгүй. Хэт оройтохоосоо өмнө тохиролцох шаардлагатайг би хатуу анхааруулж байна” гэж бичсэн юм.

Шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдол ямар үр дагавартайг Трамп тодорхой хэлээгүй байна.

Хариуд нь Кубын гадаад хэргийн сайд Бруно Родригес тус улс АНУ-ын нөлөөнд авталгүйгээр нийлүүлэхийг хүссэн ямар ч  экспортлогчоос газрын тос авах бүрэн эрхтэйг мэдэгджээ.

Куба улс олон жилийн турш Мадурогийн хувийн хамгаалалтыг хариуцсаар ирсэн гэдэг.

Түүнийг Каракас дахь өргөөнөөс нь баривчлах АНУ-ын тусгай хүчний ажиллагааны үеэр 32 иргэн нь алагдсаныг Кубын эрх баригчид мэдээлж байв.

“Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын явуулсан ажиллагааны үеэр Кубын ихэнх иргэд амь үрэгдсэн. Одоо Венесуэлийн хууран мэхлэгчид, дээрэмчдийг тэдний барьцаанд олон жил байсан ард түмнээс нь цаашид хамгаалах хэрэггүй болсон. Венесуэлийг одоо дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй АНУ хамгаалж байна” гэж Трамп мэдэгджээ.

Куба улс “ямар ч улсад аюулаас хамгаалах үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хэзээ ч мөнгөн болон материаллаг төлбөр авч байгаагүй” гэж Родригес үүнд хариу мэдэгдсэн байна.

Трампын засаг захиргаанд Кубын дэглэмийг унагах төлөвлөгөө одоогоор байхгүй байгаа бөгөөд тус улс “унахад бэлэн” байгаа тул хүч хэрэглэх шаардлагагүйг АНУ-ын ерөнхийлөгч өмнө нь хэлж байсан юм.

Өчигдөр Трамп бас өөрийн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог ирээдүйн Кубын ерөнхийлөгч болгох санааг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр ийм санаа агуулсан бусдын сошиал постыг дахин нийтлээд “Сайхан санаа байна” гэсэн тайлбар нэмж бичсэн юм.

Флорида мужийн сенатор асан Рубио бол Кубын цагаачийн хүү, Куба гаралтай Америк хүн.

Өнгөрсөн долоо хоногт тэр Куба улсад “маш олон асуудал” тулгараад байгаа тул тус улсын эрх баригчид ирээдүйдээ санаа зовох ёстойг анхааруулж байжээ.

Хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш Трамп 1823 оны “Монрогийн Номлол” хэмээх бичиг баримтыг АНУ-ын гадаад бодлогын цөм болгож эхэлсэн. Тэр ч байтугай үүнийг “Донрогийн Номлол” гэж өөрөөрөө нэрлэх болсон юм.

Уг номлолд дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст АНУ дангаараа ноёрхох, зүүн хагасын (тухайн үед Европын) гүрнүүдийн нөлөөг хязгаарлах тухай заасан байдаг.

Үүний илрэл нь Трамп сүүлийн хэдэн сарын турш Венесуэл, Куба, Колумб, Мексик зэрэг Латин Америкийн орнуудад анхаарлаа хандуулах болсноос гадна Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох санаа цухуйлгаж, Гринланд арлыг Дани улсаас булааж авах талаар эрчимтэй ярих болсноос харагдаж байгаа.

1959 онд коммунист Фидель Кастро АНУ-ын дэмжлэгтэй оршин тогтнож байсан Кубын засгийн газрыг түлхэн унагаж, өөрийн дэглэмийг тогтоосноор хоёр улсын харилцаа эрс муудаж байлаа.

Ерөнхийлөгч Обамагийн засаг захиргааны үед АНУ-Кубын харилцаанд эерэг үзэгдэл ажиглагдаж эхэлсэн ч Трампын үед буцаад муудсан юм.

Трамп тангараг өргөснийхөө дараахан Куба улсыг терроризмыг дэмжигч улсуудын жагсаалтдаа буцаан нэмж байлаа. Ердөө хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгч Жо Байден уг жагсаалтаас Кубыг хасаад байсан юм.

Кубын ерөнхийлөгч Мигель Диаз-Канел өчигдөр “Бүхнийг, тэр дундаа хүний амийг хүртэл бизнес гэж хардаг этгээд Куба улс руу хуруугаараа чичлэх ёс суртахууны эрхгүй. Өнөөдөр ийм хийрхэгчид манай ард түмний улс төрийн загвараа сонгох бүрэн эрхэд халдахыг санаархаж байна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC