АНУ-ын засаг захиргаа Мадурогийн дараа Чеченийн удирдагчийг баривчлах ажиллагаа явуулах хэрэгтэйг Зеленский мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2026 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог төрийн эрхээс зайлуулсантай ижил төстэй ямар нэг ажиллагааг Чеченийн удирдагч Рамзан Кадыровын эсрэг явуулах хэрэгтэйг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдэгджээ.

Ингэвэл энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч Путинд дайнаа үргэлжлүүлэх эсэх талаар “нухацтай бодоход хүргэнэ” гэж үзэж байгаагаа тэр тайлбарласан байна.

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын тусгай хүчнийхэн ерөнхийлөгч Мадурог нийслэл Каракас дахь өндөр хамгаалалттай өргөөнөөс нь баривчилсан явдал дэлхий дахиныг гайхшируулсан билээ.

Ингэснээр дэлхийн бөмбөрцгийн баруун хагас дахь нэг чухал холбоотноо Путин алдаж байгаа юм.

2007 оноос хойш Оросын Холбооны нэг субъект Чеченийн Бүгд Найрамдах Улсыг удирдаж буй Рамзан Кадыров бол Путиний хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэг бөгөөд Украинд тулалдуулахаар олон мянган цэрэг илгээж байв.

“Тэд Оросын талд дарамт шахалт үзүүлэх хэрэгтэй. Тэдэнд багаж зэвсэг, арга хэрэгсэл нь бий. Тэд хүсвэл үүнийг хийж чадна” гэж АНУ-ын хүчин чадлын талаар Зеленский өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Мадурогийн жишээнээс харж болно. Тэдний явуулсан ажиллагааны үр дүнг дэлхий нийтээрээ харлаа. Дахиад нэг ийм ажиллагааг Кадыровын эсрэг явуулах хэрэгтэй” гэсэн юм.

Мадурог баривчлах ажиллагаа явагдсанаас хойш хэдхэн цагийн дараа Зеленский дараагийн бай Путин байж болзошгүй талаар хошигнож байжээ.

“Хэрвээ АНУ дарангуйлагч нарыг ингэж чаддаг юм бол дараагийн этгээд хэн болохыг мэдэж байгаа биз” гэж өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Киевт болсон хэвлэлийн хурлын үеэр тэр инээмсэглэн хэлж байв.

Дайн эхэлсэн цагаас хойш Кадыров олон мянган цэргээ илгээснээс гадна Украиныг бүрмөсөн устгахын тулд цөмийн цохилт өгөх гэх мэт хамгийн аюултай хувилбаруудыг Москвагийн эрх баригчдад зөвлөж байсан юм.

 

Эх сурвалж: AFP