Уншиж байна ...

Венесуэлийн газрын тосыг тээвэрлэж байсан Оросын тэнгисийн хөлгийг АНУ олзоллоо

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 8 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

Оросын далбаан дор Венесуэлийн газрын тосыг тээвэрлэж явсан ачааны хөлгийг өчигдөр АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан Атлантын далайн хойд хэсэгт олзлон авсан байна.

Өмнө нь “Bella 1” нэртэй байсан уг хөлөг одоо “Marinera” нэртэй болсон бөгөөд сүүлийн хоёр долоо хоног орчим хугацаанд АНУ-ын мөрдлөгөөс зугтаж явжээ.

ОХУ-ын тэнгисийн хүчнийхэн энэ хөлгийг хамгаалахаар хөдөлсөн ч хүрч амжаагүй байхад нь АНУ-ын тал олзолсон байна.

Тиймээс энэ бол Трампын засаг захиргааны үед АНУ, ОХУ-ын харилцаанд гарсан хамгийн том сөргөлдөөн болж байгаа юм.

Арванхоёрдугаар сард АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн дэглэмийг сулруулахын тулд газрын тосны тээвэрлэлтийг нь таслан хаах арга хэмжээг Карибын тэнгист хэрэгжүүлж эхэлж байв.

Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр АНУ-ын эргийн хамгаалалтынхан хуурамч далбаан дор Венесуэлийн эргээс хөдөлсөн “Bella 1” хөлгийг зогсоохыг оролджээ.

Уг хөлөг Хезболла бүлгийг санхүүжүүлэхэд зориулагдсан газрын тосыг Иранаас тээвэрлэснийхээ төлөө 2024 оны долдугаар сард АНУ-ын хориг арга хэмжээгээр шийтгүүлж юм байна.

Зогсох шаардлагыг биелүүлээгүй хөлөг олон улсын усан бүсэд нэвтрэн Европын чиглэлд зугтжээ.

Ингээд хоёр долоо хоног орчим үргэлжилсэн хөөцөлдөөн эхэлсэн байна.

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Оросын эрх баригчид хөлгийг нь мөрдөхөө зогсоохыг АНУ-ын засаг захиргаанаас албан ёсоор хүссэн тухай Нью Йорк Таймс сонин мэдээлж байсан юм.

Атлантын далайг гатлан зугтаж явахдаа багийнхан хөлгийнхөө нэрийг “Marinera” болгон өөрчилж, Орос улсын эзэмшилд бүртгүүлж, бөөрөн дээрээ Оросын далбаа зурж амжсан гэнэ.

Ингэвэл АНУ мөрдөхөө зогсооно гэж Оросын тал тооцоолсон бололтой.

Гэвч тэдний төсөөлснөөр болоогүй байна.

“Энэ бол АНУ-ын мөрдлөгөөс чөлөөлөгдөх зорилгоор Оросын талын авсан арга хэмжээ байв. Гэвч бүтсэнгүй” гэж Харвардын Их сургуулийн Орос, Еврази Судлалын Дэвис Төвийн ажилтан Крэйг Кеннеди тайлбарлажээ.

Энэ долоо хоногийн  Мягмар гарагт Оросын тал тээвэрлэгчээ хамгаалуулахаар шумбагч хөлөг илгээсэн боловч хожимдсон байна.

Оросын тусламж ирэхээс өмнө АНУ-ын эргийн хамгаалалтынхан хөлгийг Исланд, Их Британийн хоорондох далайн усанд саатуулжээ.

Их Британийн батлан хамгаалах яам уг ажиллагаанд ложистикийн дэмжлэг үзүүлснээ мэдээлсэн байна.

АНУ-ын зэвсэгт хүчний Европын Командлал уг ажиллагааг “Дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын тогтвортой байдалд аюул занал учруулж байсан хориотой хөлгүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох” Трампын хүчин чармайлтын нэг хэсэг гэж тайлбарлажээ.

“Энэ бол хориг зөрчин Венесуэлийн газрын тосыг тээвэрлэдэг сүүдрийн флотын нэг хөлөг юм” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт хэлээд шүүхийн шийдвэрээр хөлгийг олзолж авсан, хөлгийн багийн гишүүдийг прокурорын байгууллагад шилжүүлэхийг мэдэгдсэн байна.

ОХУ-ын гадаад хэргийн яам үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдээд Оросын саатуулагдсан иргэдтэй хүнлэг харьцахыг АНУ-ын талаас шаарджээ.

Тус улсын зам тээврийн яам олон улсын далай тэнгисийн хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл гэж АНУ-ын ажиллагааг шүүмжилсэн байна.

Одоогоор Кремлийн хэвлэлийн алба Оросын хөлөг олзлогдсон асуудлаар мэдэгдэл гаргаагүй байна.

Ямартай ч энэ үйл явдлыг Трампын засаг захиргаа Украины дайныг дуусгах хүчин чармайлтад нь саад учруулсаар байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Путинд сэтгэл дундуур байгаагийн илрэл гэж ажиглагчид дүгнэжээ.

Тээвэрлэгч хөлгийг олзолсон явдал Оростой харилцах харилцаанд нь муугаар нөлөөлөх эсэхийг сэтгүүлчид асуухад Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Ливитт ерөнхийлөгч Трамп болон Путин нарын харилцаа “маш нээлттэй, шударга, найрсаг байдаг” гэсэн ерөнхий хариулт өгсөн байна.

 

Эх сурвалж: BBC