Уншиж байна ...

“Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын нэр хүндтэй шагналыг хүртжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 9 цаг 45 минут
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулсан Нэтфликсийн “Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын 2026 оны “Korea First Brand” шагналыг хүртжээ.

24 дэх жилдээ олгогдож буй энэ шагнал ирж буй онд зах зээлд тэргүүлэх ирээдүйтэй салбар салбарын брэндүүдийг хэрэглэгчдээс авсан судалгаа, тоо баримт дээр үндэслэн өргөмжилдөг юм.

“Physical: Asia” шоу “2026 онд Тэргүүлэх Ирээдүйтэй Хөтөлбөр” нэртэй шагнал хүртсэн нь уг шоуны дараа дараагийн үргэлжлэл “амжилттай болно” гэж үзсэн судлаач мэргэжилтнүүдийн үнэлгээ болжээ.

зураг
 

Сөүл хотын “The Shilla Seoul” зочид буудлын их танхимд болсон ёслолын арга хэмжээнд оролцсон шоуны продюсер Чан Хо Ги “Ийм утга учиртай шагналд хүртсэндээ баярлаж байна. Манай шоунд гар бие оролцсон бүх уран бүтээлчид, ажилтнуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Бид одоо бусад улс орнуудын хувилбарыг багтаасан Physical: World шоуг бүтээхээр ажиллаж байгаа” гэж хэлжээ.

Шоуны АНУ-ын хувилбар бүтээгдэх төлөвлөгөө батлагдсаныг тэр энэ үеэр бас мэдээлсэн байна.

“Physica: Asia” шоунд Өмнөд Солонгос, Япон, Монгол, Турк, Австрали, Индонез, Тайланд, Филиппин гэсэн Ази тивийн найман орны тамирчид хүч чадал, хурд, тэвчээрээрээ өрсөлдсөн юм.

Шоунд Өмнөд Солонгосын баг түрүүлж, Монголын баг удаалсан билээ.

 

Эх сурвалж: Chosun