Уншиж байна ...

Цэргийн хүч хэрэглэх зэрэг Гринланд арлыг АНУ-ын эзэмшилд авах олон хувилбарыг хэлэлцэж байгааг Цагаан ордон батлав

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 8 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хамгийн том арал Гринландыг эзэмшилдээ авах “хэд хэдэн хувилбар” арга замыг хэлэлцэж байгаагийн дотор цэргийн хүч хэрэглэх хувилбар багтаж байгааг Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.

Тус арлыг эзэмших нь АНУ-ын “үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл юм” гэж уг мэдэгдэлдээ тайлбарласан байна.

Өнгөрсөн Бямба гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог өргөөнөөс нь баривчилж, Нью-Йорк хотод авчирсны дараа Трамп хэвлэлд ярихдаа Дани улсын бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй оршдог Гринланд арал АНУ-ын хувьд “чухал хэрэгтэй бүс нутаг” гэж мэдэгдсэн юм.

Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн албанаас “Ерөнхийлөгч болон түүний баг энэхүү чухал гадаад бодлогын зорилгыг хэрэгжүүлэх хэд хэдэн хувилбар арга замыг хэлэлцэж байгаа бөгөөд мэдээж АНУ-ын цэргийн хүчийг ашиглах нь ерөнхий командлагчийн мэдэлд үргэлж байдаг сонголт юм” гэж мэдэгджээ.

Трампын энэ түрэмгий байр суурь Дани, Гринландын төдийгүй нийт Европын орнуудын удирдагчдыг эсэргүүцэл илэрхийлэхэд хүргэж байна.

Даваа гарагт Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен АНУ-ын зүгээс явуулж болзошгүй аливаа халдлага НАТО-г мөхөхөд хүргэхийг анхааруулсан юм.

Өчигдөр Европын зургаан холбоотон Дани улсын талд байгаагаа илэрхийлсэн утгатай хамтарсан мэдэгдлийг гаргажээ.

“Гринланд бол ард түмний эзэмшил бөгөөд зөвхөн Дани, Гринланд хоёр л харилцааныхаа асуудлыг шийдэж чадна” гэж Их Британи, Франц, Герман, Итали, Польш, Испани, Данийн эрх баригчид мэдэгдсэн байна.

Умард туйлын бүс нутгийн аюулгүй байдалд АНУ-тай адилхан анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн тэд үүнийг НАТО-гийн хамтын ажиллагааны хүрээнд батлан хамгаалах ёстойг онцолжээ.

Тэд бас “бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал” зэрэг НҮБ-ын дүрмийн зарчмуудыг баримтлахыг АНУ-д уриалсан байна.

Мадурог баривчилснаас хойш хэдхэн цагийн дараа Трампын шадар хүмүүсийн нэгний гэргий, улс төрийн тоймч Кэти Миллер сошиал хуудсандаа Гринланд арлын газрын зургийг АНУ-ын далбаагаар бүрснийг харуулсан зургийг нийтлээд “УДАХГҮЙ” гэсэн тайлбар бичиж байв.

Даваа гарагт түүний нөхөр, Цагаан ордны тамгын газрын орлогч дарга Стивен Миллер “Гринланд арал АНУ-ын нэг хэсэг байх ёстой гэдэг нь АНУ-ын засаг захиргааны албан ёсны байр суурь” гэж мэдэгджээ.

Тус арлыг хүчээр булаах боломжтой эсэхийг CNN-ийн сэтгүүлч асуухад Миллер “Гринландын ирээдүйг АНУ-тай хэн ч булаацалдахгүй” гэж хариулсан байна.

Дэлхийн дулаарлын улмаас мөсөн бүрхүүлээсээ салж буй Гринланд арлын нөөц баялаг, газар зүйн байрлал том гүрнүүдийн анхаарлыг татаж байгаа.

Тус арал Умард Америк, Европ тивүүдийг холбодог хамгийн богино усан замын дунд оршдог. Мөн Умард туйлын мөс хайлснаар Гринланд арлыг дэлхийн бусад бүс нутгуудтай холбох усан зам нээгдэж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC