Уншиж байна ...

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах АНУ-ын тусгай ажиллагаа хэрхэн явагдсан тухай

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 8 цаг 21 минут
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт хэрэгжсэн Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах тусгай ажиллагааг АНУ-ын эрх баригчид хэдэн сарын өмнөөс төлөвлөж байжээ.

Венесуэлийн засгийн газрын нэг эх сурвалжийг оролцуулсан цөөн хүнтэй баг 63 настай Мадурог хаана унтаж, юу идэж, юу өмсөж байгаа зэрэг бүх хөдөлгөөнийг удаан хугацааны турш хянаж байсан гэнэ.

Тэр ч байтугай түүний тэжээвэр амьтдыг хүртэл хараанаасаа салгалгүй ажиглаж байсныг Вашингтоны албаны эх сурвалж баталжээ.

Үүний үр дүнд арванхоёрдугаар сарын эхээр “Operation Absolute Resolve” нэртэй ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө бэлэн болсон байна.

Энэ нь хэдэн сарын турш боловсруулагдсан төлөвлөгөө, бэлтгэл, дадлага сургуулилалтын үр дүн байжээ. Тухайлбал АНУ-ын тусгай хүчний цэргийн алба хаагчид Каракас хот дахь Мадурогийн ордныг яг ижил хуулбарлан дуурайлгасан загвар байгууламж дээр сургуулилалтаа давтан бэлдэж байсан гэнэ.

Хүйтэн дайны үеэс хойш Латин Америкийн орнуудад хэрэгжиж байгаагүй энэхүү томоохон ажиллагааны төлөвлөгөөг маш өндөр түвшинд нууцалж байжээ.

Конгресс хүртэл энэ талаар огт мэдээлэлгүй байсан байна. Төлөвлөгөө бэлэн болсны дараа АНУ-ын цэргийн дээд удирдлагууд хэрэгжүүлэх тохиромжтой цагийг хүлээж байжээ.

Ерөнхийлөгч Трамп ажиллагааг эхлүүлэх тушаалыг дөрвөн хоногийн өмнө өгсөн ч цаг агаар сайжирч, тэнгэр цэлмэхийг хүлээсэн байна.

“Зул сарын баяр, шинэ жилийн баярыг оролцуулаад хэдэн долоо хоногийн турш АНУ-ын эрэгтэй, эмэгтэй цэргийн алба хаагчид зөв нөхцөл байдал бүрдэх, ерөнхийлөгч тушаал өгөхийг тэвчээртэй хүлээж байлаа” гэж Бямба гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр генерал Дэн Кэйн ярьж байв.

Трампын тушаал Баасан гарагийн 22:46 цагт гарсан гэнэ.

“Бид үүнийг дөрөв хоногийн өмнө, гурав хоногийн өмнө, хоёр хоногийн өмнө хэрэгжүүлэх гэж байсан ч боломж гаралгүй явсаар гэнэт бүх нөхцөл бүрдсэн. Тэгээд бид хөдлөх тушаал өгсөн” гэж Трамп ажиллагаа дууссаны дараахан Fox & Friends нэвтрүүлгээр ярьсан юм.

Ингээд Каракас хотод шөнө дунд болж байхад эхэлсэн ажиллагаа агаар, хуурай газар, тэнгист хоёр цаг, 20 минут орчим хугацаанд үргэлжилжээ.

Цар хүрээ, нарийвчлалын хувьд үүнийг урьд өмнө байгаагүй хэмжээний ажиллагаа гэж Вашингтон үзэж байна.

Ажиллагаа хэрэгжих үед Трамп өөрөө Цагаан ордонд байгаагүй бөгөөд Флоридагийн Палм Бич дэх Мар-А-Лаго хувийн эдлэндээ төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Тагнуулын Төв Газрын дарга Жон Рэтклифф нарын хамт “шууд” дамжуулсан видео дүрсийг үзэж байжээ.

зураг
 

“Энэ бол гайхалтай зүйл байсан. Хэрвээ та нар харсан бол би үүнийг телевизийн шоу шиг үзэж байлаа. Хэрвээ та нар энэ хурд, хүчийг харсан бол…зүгээр л гайхалтай, энэ хүмүүсийн ажил үнэхээр гайхалтай байлаа” гэж Трамп ярьсан юм.

Тухайн шөнө АНУ-ын армийн бөмбөгдөгч, сөнөөгч, тагнуулын зэрэг 150 гаруй нисэх онгоц Венесуэлийн тэнгэрт байрлаж байжээ.

“Энэ бол маш нарийн төвөгтэй, бүхий л маневр, нисэх онгоцны тоо зэрэг олон талаасаа маш хэцүү ажиллагаа байсан. Бид боломжит бүх хувилбарт ашиглахаар сөнөөгч онгоцнуудаа байрлуулаад байсан” гэж Трамп энэ талаар ярьсан юм.

Орон нутгийн цагаар шөнийн 2:00 цагийн орчимд Каракас хотод эхний хүчтэй дэлбэрэлт болж, тэнгэр утаагаар бүрхэгдэж, маш олон онгоц, нисдэг тэрэгнүүд харагдаж эхэлснийг гэрчүүд мэдээлж байгаа.

Трамп ярихдаа ажиллагаа эхлэхээс өмнө Каракас хотын цахилгаан хангамжийг тасалсныг баталсан ч ямар арга замаар гэдгийг тодруулаагүй юм.

”Манайхны эзэмшсэн тодорхой мэдлэг туршлагын улмаас Каракас гэрэлгүй болсон. Энэ үед хотыг харанхуй, үхлийн аюул нөмөрсөн” гэж тэр ярьжээ.

АНУ-ын тусгай үүрэг гүйцэтгэдэг Дельта хүчний алба хаагчид Мадурог баривчилсан байна. Өвч зэвсэглэсэн тэд бас Мадурогийн өргөөний ган хаалгыг шаардлагатай болох эвдэх багаж хэрэгсэлтэй явжээ.

Мадурогийн өргөөг Трамп “Каракас хотын зүрхэнд орших цайз” гэж тодорхойлсон бөгөөд Дельта хүчний дайчдыг очиход хамгаалагчид нь бэлэн байдалд байсныг хэлсэн юм.

“Тэд биднийг ирэхийг мэдээд бэлэн байдалд байсан. Биднийг ирэхийг тэд мэдэж байсан. Ажиллагааны баг Мадурогийн өргөөний хашаанд бууж, маш өндөр хурд, нарийвчлал, сахилга баттай хөдөлсөн. Тэд дотогш нэвтэрч, эвдэх бараг боломжгүй ган хаалгаар орсон” гэж Трамп ярьжээ.

Мадурогийн хамгаалагч нар гал нээх үеэр тусгай ажиллагааны нисдэг тэрэг суманд оногдсон ч нисэх чадвараа алдаагүйг тэр баталсан юм.

Мадурогийн гэргий Силиа Флоресыг баривчлах ажиллагаа өрнөж байх үед л төрийн нарийн бичгийн дарга Рубио энэ талаар Конгрессын гишүүдэд анх удаа мэдээлжээ.

Хэрвээ урьдчилж Конгресст дуулгавал нууц задарч, ажиллагаа бүтэлгүйтэх эрсдэлтэй байсныг Трамп тайлбарласан юм.

Сүүлийн үед Куба улсын бие хамгаалагчдад илүү найдах болсон Мадуро хашаанд нь тусгай хүчнийхэн бууж байх үед хамгаалалттай өрөө рүүгээ зугтахыг завдсан гэнэ.

“Тэр аюулгүй газарт очих гэж оролдсон ч үнэндээ энэ нь найдваргүй болоод байсан. Учир нь бид энэ өрөөний хаалгыг 47 секундийн дотор дэлбэлэх боломжтой байсан юм. Тэр хэт сандарснаасаа болоод өрөөнд орж, хаалга хааж чадаагүй” гэж Трамп ярьжээ.

Баривчлах үеэр эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд Мадуро амиа алдаж болох байсан эсэхийг асуухад Трамп “Боломжтой байсан” гэж хариулсан байна.

АНУ-ын талаас “хэд хэдэн цэрэг цохиулсан” ч амь нас эрстээгүйг тэр баталжээ.

Ням гарагт телевизээр ярихдаа Венесуэлийн батлан хамгаалахын сайд Владимир Падрино ажиллагааны үеэр олон тооны цэрэг, гэмгүй энгийн иргэд алагдсан гэсэн ч тодорхой тоо хэлээгүй юм.

АНУ-ын засаг захиргаа өмнө нь Мадурог баривчлахад тусалсан хүнд $50 саяын шагнал амлаад байжээ. Гэвч Бямба гарагийн шөнийн 04:20 цаг гэхэд Мадуро болон түүний гэргийг суулгасан нисдэг тэрэг Венесуэлийн нутаг дэвсгэрээс гарч байсан байна.

Үүнээс хойш яг нэг цагийн дараа Трамп тусгай ажиллагаа амжилттай хэрэгжсэнийг дэлхий дахинд зарласан юм.

“Мадуро болон түүний гэргий тун удахгүй Америкийн шүүх засаглалтай нүүр тулгарах болно” гэж тэр энэ үеэр хэлж байв.

 

Эх сурвалж: BBC