Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хятад улсад хийх айлчлахыг угтуулан Умард Солонгос баллистик пуужин туршив

Т.Давааням, ikon.mn
2026 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын дэглэм өчигдөр буюу Ням гарагт баллистик пуужин тэнгисийн ус руу харваж туршсаныг хөрш орнууд нь мэдээлжээ.

Энэ туршилт Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг Хятад улсад айлчлахаар мордохоос хэдхэн цагийн өмнө хэрэгжсэн нь анхаарал татаж байна.

Айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн хөрш Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй ярилцах юм.

Орон нутгийн цагаар өглөөний 7:50 цагийн үед Умард Солонгосын нийслэл Пёнян хотын орчмоос хэд хэдэн баллистик пуужин харвасныг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний хамтарсан штабаас мэдээлжээ.

Пуужингууд 900 км орчим зайтай тэнгисийн усанд туссаныг тогтоосон байна.

Өмнөд Солонгос, АНУ-ын эрх баригчид уг туршилтын талаар олж авсан мэдээллүүдээ нэгтгэн шинжилж, мөн Япон улстай харилцан мэдээлэл солилцож байгааг мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл уг туршилтын дараа шуурхай хуралдаан зарласан бол тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдэгдэлдээ “НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг зөрчсөн, өдөөн хатгасан үйлдэл” хэмээн буруушаасан байна.

Японы батлан хамгаалах яам баллистик пуужин байж болзошгүй зүйлсийг илрүүлсэн бөгөөд хоёр пуужин 50,000 метрийн өндөрт хүрч, тус бүр 900 болон 950 км хол зайд туссаныг мэдээлжээ.

“Умард Солонгосын цөмийн зэвсэг болон пуужингийн хөгжүүлэлт нь манай улсын болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлсэн, тэвчихийн аргагүй үйлдэл юм” гэж тус улсын батлан хамгаалахын сайд Шинжиро Койзүми мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сард Өмнөд Солонгост цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг үйлдвэрлэх зөвшөөрөл өгснөөс хойш Пёняны дэглэм анх удаагаа баллистик пуужин туршсан нь энэ юм.

Бямба гарагт Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчлах ажиллагааг АНУ-ын тусгай хүчнийхэн явуулсан нь уг туршилтыг явуулах бас нэг шалтгаан болсон байж магадгүй гэж зарим ажиглагчид үзэж байна.

Пёняны эрх баригчид олон жилийн өмнөөс АНУ-ын зүгээс дэглэмийг нь нураах оролдлого явуулахаас сэргийлэх гол арга замыг цөмийн болон пуужингийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж үзсээр ирсэн юм.

Гэхдээ АНУ-ын засаг захиргаа өөрт нь ийм төлөвлөгөө байхгүйг удаа дараа мэдэгдэж байв.

Ням гарагт Умард Солонгосын төв хэвлэл тус улсын удирдагч Ким Жон Ун тактикийн зэвсгийн үйлдвэрт зочилсон тухай мэдээлжээ.

Тэрбээр энэ үеэр үйлдвэрлэлийн хүчин чадлаа 250 хувиар өсгөх даалгавар өгсөн тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг уламжилсан байна.

 

Эх сурвалж: Associated Press