Германы канцлерыг Венесуэлийн ерөнхийлөгч шиг хулгайлах боломжтойг ОХУ-ын ерөнхийлөгч асан илэрхийлжээ
АНУ-ын тусгай хүчнийхэн Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог өргөөнөөс нь баривчилсан үйл явдал дэлхий нийтийг гайхшируулаад байгаа.
ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев ийм аргыг дэлхийн өөр улс орнуудын удирдагчдад, тухайлбал Германы канцлер Фридрих Мерцийн эсрэг хэрэгжүүлэх боломжийн талаар өчигдөр хэвлэлд ярьжээ.
“Неонацист Мерцийг хулгайлах нь энэхүү үйл явдлын гайхалтай нэг хэсэг болж магадгүй юм. Түүнийг Германд яллах үндэслэл ч байгаа. Тиймээс ямар ч гарзгүй. Ялангуяа ард иргэд нь шаардлагагүй зовж байгаа тохиолдолд” гэж тэр ярьсныг ТАСС агентлаг Ням гарагт мэдээндээ эш татсан байна.
Медведев ийм хувилбар бодитой хэрэгжих боломжтойг бас нэмж хэлжээ.
2008-2012 онуудад ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, одоо тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албыг хашдаг Медведев нь сүүлийн жилүүдэд Украин болон Өрнөдийн эсрэг хамгийн хатуу байр суурь илэрхийлдэг Кремлийн суртал нэвтрүүлгийн дуу хоолой болоод байгаа.
Гэхдээ тэрбээр Бямба гарагт Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчилсан АНУ-ын засаг захиргааны үйлдлийг үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Ярилцлагынхаа үеэр Медведев мөн Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн бүрэн эрхийн хугацаа дуусаад удаж байгааг сануулсан байна.
Москвагийн эрх баригчид Украинд ээлжит сонгууль хугацаандаа болоогүй тул Зеленскийг хууль бус удирдагч гэж үздэг.
Гэхдээ Украины үндсэн хууль дайны үеэр сонгууль явуулах боломжгүй үндэслэлээр Зеленскийд бүрэн эрхийн хугацаагаа сунгах боломж олгож байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

