УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, Д.Саяннямбуу нартай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр (2026.01.29) зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг шүүх хурлын шийдвэрийг тус шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ "Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж,
Шүүгдэгч Д.Саяннямбууд холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, харин дээрх шүүгдэгч нарыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүхээс шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Саяннямбууг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж шийдвэрлэв" гэж тоймложээ.
Шүүхээс
Түүнчлэн шүүгдэгч Ц.Санжаачойпэлд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар, Э.Тэмүүлэнд оноосон зорчих эрхийг хязгаарлах ялыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар, Л.Алтан-Очирт оноосон зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар, Б.Амарсайханд оноосон зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!