Монголын дауны холбоо болон “Трио” киноны уран бүтээлчид НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар хурал дээр киногоо гаргаж бие даасан хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллахаар болсон тухайгаа өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзориг даунтай хүмүүсийн эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлт болоод тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Монголын дауны холбоо байгуулагдаад 20-оод жил болж байна. Манай холбоо “Монголын даунтай иргэн болгоныг Монгол Улсын татвар төлөгч болгоно” гэсэн уриатай.
Боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт бол манай холбооны тулгын гурван чулуу.
Одоогийн байдлаар холбоонд бүртгэлтэй 600 гаруй гишүүд байна.
Дауны хам шинжтэй хүүхэдтэй эцэг эхчүүд одоог хүртэл хүүхдээ хүлээн зөвшөөрч чаддаггүй асуудал байсаар байна. Хүүхдээ хүлээн зөвшөөрч чадахгүй бол хүүхдийнхээ хөгжих эрхийг хааж, хатуухан хэлэхэд амьдаар нь "алж" байгаа л гэсэн үг.
Энэ байдлыг арилгахын тулд олон нийт рүү чиглэсэн ажлуудыг хийдэг ч хангалтгүй хэвээр байна. Тиймээс урлагаар дамжуулж олон нийтэд нөлөөлөх нь хамгийн үр өгөөжтэй харилцаа гэдгийг ойлгож “Трио” уран сайхны киноны төсөлд хамтран ажиллалаа.
Эрүүл мэндийн салбарын хувьд: 20 жилийн өмнөхтэй харьцуулахад нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хромосом тоолдог болсон. Ургийн ус, цусны шинжилгээ, эхогоор төрхөөс нь өмнө эрсдэлтэй эсэхийг тодорхойлох өндөр магадлалын оношилгоог хийдэг болсон.
Боловсролын салбарын хувьд: Саяхан боловсролын хуульд өөрчлөлт орж хувийн болон улсын бүх сургуульд ялгаатай хөгжилтэй хүүхдийг сургах үүрэг хүлээсэн.
Хүүхдийг ялгаж, тусгай сургуульд сургахаас илүү тухайн хүүхэд өөрөөсөө илүү чадвартай хүүхдүүдтэй хамт суралцаж, орчинд нь байснаар хөгжиж байдаг.
Аутизм, дауны синдромтой хүүхэд сургуульд орохоор очсон ч багш нь хичээл зааж чадахгүй гэсэн үндэслэлээр хүлээж авахгүй байгаа асуудлууд гарч байна. Тиймээс бид багш нарыг тусгай хэрэгцээт боловсролоор хангах төсөл дээр ажиллаж байгаа" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр ажил эрхлэлт болоод ялгаварлан гадуурхалтын асуудлаар
Ажил эрхлэлтийн хувьд: "Тусгай хэрэгцээт хүүхэд насанд хүрээд эхлэхээр буцаад гэрийн хорионд орохоос өөр аргагүй нөхцөл байдлууд үүсдэг. Тиймээс хүртээмжтэй ажлын байрыг бий болгох зорилгоор Дауны холбооны хөдөлмөр сургалтын төвийг нээгээд туршилтын журмаар кофе шоп ажиллуулж байна. Эндээсээ тодорхой хэмжээний дадал авсан хүмүүсээ бодит ажлын байран дээр гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Одоог хүртэл үргэлжилсээр байгаа хамгийн том асуудал нь ялгаварлан гадуурхалт байна. Бодитой жишээ татаж ярихад аав ээж нь тусгай хэрэгцээт хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургахаар хувийн сургуульд оруулсан боловч бусад хүүхдийн эцэг эхийн зүгээс “Би ийм үнэтэй сургуульд хүүхдээ сургаж байхад яагаад миний хүүхдийн ангид ийм хүүхэд сурах ёстой юм бэ? Энэ хүүхдээ гарга” гэсэн ялгаварлан гадуурхалтууд ирсэн байна. Энэ жишээтэй хүүхэд хүүхдээ гадуурхдаггүй. Эцэг эх нь өмнөөс нь гадуурхаж байдаг" гэсэн юм.