НҮБ-аас санаачлан жил болгоны гуравдугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн дауны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Монголын дауны холбоо болон “Трио” киноны уран бүтээлчид НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар хурал дээр киногоо гаргаж бие даасан хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллахаар болжээ.
Тус хурал дээр хэлэлцэх асуудлын талаар Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзориг "Энгийн хүмүүс 23 хос хромосом буюу нийт 46 хромосомтой байдаг бол дауны хам шинжийн онцлог нь илүү хромосомтой байдаг. Голцуу 21 дэх хос нь хос биш илүү учраас гуравдугаар сарын 21-ний өдрийг Дауны өдөр болгон онцлон тэмдэглэдэг.
Дауны синдром бол өвчин биш. Өвчний тодорхойлолт нь халддаг, эдгэрдэг зүйл байдаг. Дауны хам шинжийн хувьд эр, эм өндгөн эс бүрэлдэж байхад гардаг биологийн санамсаргүй алдаа. Яагаад илүү хромосом үүсдэг нь одоо хүртэл тогтоогдоогүй байна. Тиймээс үүнийг дур мэдэн өвчин гэж нэрлэх нь өрөөсгөл ойлголт.
Яг одоо НҮБ дээр дэлхийн бүх улс хуралдаж буй хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар хурал болж байгаа. Энэ арга хэмжээний дундуур Монгол Улс анх удаа бие даасан хэлэлцүүлгийг өрнүүлэхээс гадна “Трио” киног гаргах албан ёсны зөвшөөрлийг нь НҮБ-ын зөвлөлөөс авч чадлаа. Энэ үйл явдал нь Монголын кино урлаг, иргэний нийгэм, төр, хувийн хэвшлийн түүхэнд түүх бүтээж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна.
Эдгээр дауны синдромтой таваас зургаан сая хүний өмнөөс Монгол Улс олон улсын тавцан дээр тэргүүлэх байр суурьтайгаар ажиллаж эхэлж байна.
Гуравдугаар сарын 20-ны өдөр НҮБ дээр болох үйл ажиллагааны хөтөлбөрийн хувьд НҮБ-ын төв байран дээр киногоо үзүүлж урлагаар дамжуулж монгол уран бүтээлчид дэлхий даяар ямар эерэг нөлөө үзүүлж болохыг харуулна. Түүний араас бид арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг болон даунтай хүмүүсийн эрхийг хамгаалж тэгш боломж олгох талаарх бие даасан хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Энэ ажлыг зохион байгуулахын тулд сүүлийн жил гаруй хугацаанд олон байгууллага хамтарч ажилласан нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч чадвал олон улсад хүний эрх, ардчилал чиглэлээр дэлхийд тэргүүлж ажиллах боломжтойг харуулж чадлаа" гэсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр "Хурал дээр дауны хам шинжийн асуудлыг ярихаас гадна "Mongol, Mongolism" гэх нэршлийг зүй бусаар ашигладаг тухай хэлэлцэнэ. Англи болон францчууд ер нь гадаадууд бие биеэ доромж утгаар хэлэхдээ “Чи муу! Mongol, Mongolism” гэж хараадаг.
Бид өөрсдөө Монголд байгаа болохоор энэ асуудлыг сайн анзаардаггүй. Гадаадад бол энэ үгийг албан бус хэрэглээгээр маш их хэрэглэдэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л "Formula 1"-н жолооч микрофоноо нээлттэй байгааг мартаад “Mongol, Mongolism” хэмээн бухимдлаа илэрхийлж тэр нь дэлхий даяар цацагдаж асуудал үүссэн. Үүнийг нь бид НҮБ-тай холбогдож уучлалт гуйлгуулж байсан. Испани улсын хүмүүсийг ёжилж доромжилсон утга агуулгатай сэтгүүл нь одоог хүртэл “Mongol” гэж нэрлэгддэг. Тиймээс бид Монгол Улсын иргэнийхээ хувьд энэ зүй бус хэрэглээг дэлхий даяар халах зорилготой ажиллаж байна.
Өнгөрсөн зун ЮНЕСКО-гийн дарга Монголд анх удаа айлчилж Монгол Улсын засгийн газар санамж бичиг зурсны нэг хэсэгт нь "Mongol, Mongolism" хэмээх нэрийг зүй бусаар хэрэглэх хэрэглээг олон улсад халах байдлаар хамтарч ажиллахаар болсон” гэсэн юм.
“Трио” уран сайхны киноны талаар жүжигчин, найруулагч Д.Баттөмөр “Кино урлагаар дамжуулан Монгол орноо сурталчлах томоохон түүхэн тэмдэглэлт үйл явдал болох гэж байна. "Трио" киноны хувьд 2020 оноос хойш хийгдэж эхэлсэн гурван жилийн турш найман аймгийн онцлох байгалийн үзэсгэлэнт газруудаар зураг авалтаа хийсэн. Үүгээрээ дамжуулж олон улсад Монгол орноо сурталчлах аялал жуучлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулах бүтээл болсон. Одоогийн байдлаар дөрвөн тивээс найман шагнал аваад байна” гэсэн юм.
Хуралд оролцон бие даасан хэлэлцүүлгийг өрнүүлэн зохион байгуулах ажилд НҮБ, НҮБ-ын соёлын хэлтэс, ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Швейцар дахь Монгол Улсын элчин сайдын яам зэрэг байгууллагууд бодлого, техник, санхүүгийн хувьд дэмжиж ажилласан байна.