Олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас шилдэг бүтээлийн шагнал хүртээд буй "Трио" кино өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэхүү бүтээлийн зохиол нь буддын шашин, дауны хам шинж, хүн ба байгаль гэсэн гурван сэдэвтэй уялдаж бүтээгдсэн тухай киноны уран бүтээлчид нээлтийнхээ үеэр онцлов.
Киноны гол дүрд Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр нар тогложээ.
Жүжигчин Д.Баттөмөр "2020 оноос хойш зураг авалтаа хийж гүйцэтгэн, өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь албан ёсны нээлтээ хийн, та бүхнийхээ хүртээл болгох гэж байна. Бид бүхний хүсэн хүлээсэн нээлт.
Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд дундын ганц л хэл бий. Энэ бол хайр. Ийм л санааг илэрхийлэн үзүүлж буй уран бүтээл маань дөрвөн тивээс долоон шагнал хүртлээ. Киноныхоо зохиолыг О.Алтангэрэл хэмээх хуульч найзтайгаа хамтарч бичсэн.
Би энэ киногоо ээждээ зориулж хийсэн" гэсэн юм.
Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ "Киноны утга агуулгын тухайд дэлхий ертөнц дээр хүн яаж ч төрсөн байж болох ч бүгд хүн гэдэг эрхэм нэр зүүж байгаагийн хувьд хэн нэгнийгээ ардаа үлдээлгүйгээр хайраар холбогдож байгааг харуулсан. Мөн байгаль, хүн хоёрын салшгүй холбоо, буддын шашны мартагдаж байгаа зан үйлийн тухай өгүүлсэн. Тиймдээ ч "Гуравласан" буюу "Трио" гэж нэрлэсэн" гэлээ.
Киноны дууг Төрийн соёрхолт З.Хангал агсны "Бодол" аязыг дуу болгож, гавьяат жүжигчин С.Жавхлан амилуулж, алдарт "The Beatles" хамтлаг бичлэгт ордог байсан "London Abbey road studio"-д бичүүлсэн байна.
"Трио" уран сайхны киноны шагналууд:
Дээрх наадмуудаас хоёр нь дэлийн элит буюу А зэрэглэлийн топ наадам аж.
Түүнчлэн Трио киног Австралийн Перт хотын "Burswood" задгай театрт гаргахаар төлөвлөсөн бөгөөд орлогыг нь Монголын дауны холбоо болон Австралийн дауны холбоонд хандивлахаар болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!