Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүрсний гэх хэрэгт гэм буруутай хүмүүс болон улсад учруулсан хохирлыг шууд хэлэх боломжгүй. Хэргийн явцыг тухай бүрд нийтэд танилцуулна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор​​​​​, хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Ариунболд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нүүрсний гэх асуудалтай холбоотой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Хэргийн цар хүрээ, хэрэгт оролцогчдын хэргийн цаг хугацаатай уялдуулаад ажлын хэсэг шалгаж байгаа. Ажлын хэсэг цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх газрын бүрэлдэхүүнтэй.

Хэрэг бүртгэлтийн мөрдөн байцаах ажиллагаанд Нийслэлийн прокурорын газрын прокурорууд хяналт тавьж байна.

Нүүрсний гэх хэрэгт 21 хэрэг бий. Эдгээрт гэмт хэрэг, авлига, албан тушаал, мөнгө угаалттай уялдуулсан үндэслэлүүдээр Эрүүгийн хуульд заасан зүйл ангиудаар шалгаж байгаа. 

Өнөөдрийн байдлаар найман хэрэгт 41 хүнийг холбогдуулж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Үүнээс гурван хэрэгт холбогдох 30 гаруй хүний хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Одоо ажиллагаанд байгаа хоёр хэрэгт холбогдох 12 хүнд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Цаана нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа 6 хэрэг бий. Мөрдөн байцаах ажиллагаа өргөн хүрээтэй, олон хэсэгт хуваагдаж явагдана. 

Хэрэг бүртгэлтийн ажиллагаа гэдэг нь нотлох баримт цуглуулдаг. Шүүхийн өмнө гэм бурууг тогтоох ажиллагаа явагддаг. Нотлох баримт цуглуулсны үндсэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах асуудлаа шийдвэрлэдэг.  Үүний дараа хэрэг бүрэн нотлогдсон байна гэж прокурор үзвэл мөрдөгчийн саналын дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлдэг. Шүүх хэрэгт холбогдсон хүмүүс гэм буруутай эсэхийг шийднэ. Ингэж байж Үндсэн хууль, эрүүгийн хуульд заагдсаны дагуу энэ хүн гэм буруутай байна гэж тооцогддог. Тийм учраас өнөөдөр яригдаж байгаа энэ хэргийн талаар мэдээлэгдэж байгаа асуудал дээр мөрдөх болон хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар энэ хүн ийм гэм буруутай, улсад төчнөөн төгрөгийн хохирол учруулжээ гэдгийг шууд хэлэх боломжгүй. Хуулийн байгууллага нотлох баримтуудыг аль болох богино хугацаанд цуглуулна. Бид хуулийн дагуу үйл ажиллагааг явуулна, хуулиас гажихгүй.

Мөрдөгч нар хуулийг биелүүлж ажиллана гэдэгт найдаж байгаа. Ажлын хэсэг аль болох богино хугацаанд үр дүн гаргана. Хэргийн явцыг тухай бүрд хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулна.

Энд яригдсан мэдээлэл гэдэг нь бид нарын гэмт хэрэг шалгах үндсэн эх сурвалж болдог. Энэ эх сурвалжуудаа эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу хэргийн нотлох баримтыг цуглуулаад мөрдөгч, прокурор үнэлэлт дүгнэлтээ хийж, шүүх гэм буруугийн асуудлыг хэлэлцдэг зармын дагуу ажиллана. 

Бид ийм хүчээр ажиллана гэдгээ харуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ энд ирээд байна.

Мөрдөх болон прокурорын байгууллага БНХАУ-д эрх зүйн туслалцаа үзүүлэх, хил, гаалийн байгууллагуудад мэдээллээ түргэн шуурхай ирүүлэх хүсэлтүүдээ тавьсан. Энэ дагуу БНХАУ туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн гэж ойлгож байгаа.

Яг тийм хугацаанд нүүрсний хулгайн асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлж чадахгүй. Өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Дахиад дүгнэлт хийх шаардлага гарч ирдэг. Аль болох богино хугацаанд үр дүн гаргана. Шилдэг гэсэн мөрдөгч нараа оролцуулан, ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа" хэмээн ярилаа.