Сангийн сайдтай холбоотой асуудал сүүлийн үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөндөгдөх болсон.
Тухайлбал, түүнийг Бичил санхүүгийн хөгжлийн сангаас 900 тэрбум төгрөгийн зээл гурван удаа авсан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлж байв. Дампуурч буй Чингис хаан банк руу 30-40 тэрбум төгрөгийн зээл өгч байгаад өөрсдөө авсан талаар ч яригдсан.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан дээрх асуудлуудад хариулт өглөө.
Тэрбээр "Мондулаан трейд ХХК-тай намайг холбосон байсан. Би тэр компанитай холбоогүй. Ц.Даваасүрэн гишүүн ч юм уу хэн ч ярьсан бай хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүний хувьд шалгуулахад бэлэн байна. Хуулийн байгууллагад хандаад шалгуулахад нээлттэй асуудал. Дуудаж ч шалгана, дуудахгүй ч шалгана. 900 тэрбум төгрөгийн зээл авсан гээд Жэтфинанс байгууллагатай бас холбож ярьж байна. Жаахан баримжаатай ярих хэрэгтэй. Өөрөө санхүүгийн мэргэжилтэй хүн эрх биш энэ дүнгээ ойлгож байгаа байх гэж бодож байна. Мэдэн будилж байх шиг байгаа юм.
Бичил санхүүгийн хөгжлийн сан нь төслийн бүтэц шүү дээ. Монголбанктай холбоогүй. Тухайн үед эргэлтийн хөрөнгө нь 10 орчим тэрбум төгрөг байсан байна. Нийт эргэлтийн хөрөнгө нь ийм байгууллагаас яаж 900 тэрбум төгрөгийн зээл гарах вэ? Гурван удаа ийм дүнгээр зээл авсан гэхээр 2.7 их наяд төгрөг болох нь. Тухайн сан нэг зээлдэгчид 500 сая хүртэлх төгрөг зээлдэг байж.
Жэтфинанс байгууллагад манай дүү оролцоотой байсан нь үнэн. 2020 оны сонгуулийн өмнөхөн би дүүдээ ах нь улс төрд явж байгаа учраас ийм байдлаар бизнес хийгээд дэмий гэсэн шаардлага тавиад болиулсан.
Зээлийн түүх нь бол 2012, 2014 онд тус бүр 260, 2015 онд 400 сая төгрөгийн зээл аваад тухайн үед нь зөрчилгүйгээр буцаагаад төлсөн байгаа юм. Хамгийн сүүлийнхийг нь 2018 онд төлөөд дуусгасан зээлийн түүхтэй юм билээ. Яагаад 900 тэрбум төгрөгийн зээл авсан гэж дүн гаргаж ирснийг гайхаж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!