Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: Сайд, дарга нар сонгуулийнхаа менежерийг Хөгжлийн Банканд тавьж байгаад мөнгө цохисон

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сайд, дарга нар сонгуулийнхаа менежерийг Хөгжлийн Банканд тавьж байгаад мөнгө цохисон. Дампуурч буй Чингис хаан банк руу 30-40 тэрбум төгрөгийн зээл өгч байгаад өөрсдөө авсан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр тэрбээр энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм. 

"Ирэх 2023 оны төсвийн хувьд нэг зүйл дээр санал нийлэхгүй байгаа. Хөгжлийн Банкны зээлийг Засгийн газраас баталгаа гаргаж төлөх зүйл орж ирсэн байна. Ингэж болохгүй. Гаднаас зээл олж ирчхээд экспортыг дэмжихгүй, улстөрчид нь авчихсан. 

Арай ч дээ гэмээр зүйлүүд их байсан. Засгийн газраас баталгаа гаргаж, Хөгжлийн Банкны зээлийг хаагаад, яваандаа болохоо болилоо гэж дампууруулаад татвар төлөгчдийн мөнгөөр энэ зээлийг төлөх нь гэж харагдаж байна. Төсөв дагаж орж ирсэн тогтоол дотроос энэ заалтыг авч хаяарай гэж хэлмээр байна. 

Улсын мөнгийг идэж уучхаад төрөөс баталгаа гаргаад байж болохгүй. Энэ тогтоолоо татаж авахгүй бол нэг бүрчлэн ямар бүлэглэл, хүмүүс хэн хэний ямар ашиг сонирхол бүхий компаниуд байгааг ил гаргаж тавина. Өөрсдөө Хөгжлийн Банкнаас зээл аваад төлж чадахгүй болохоороо татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлж болохгүй. 

Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллага улс төрийн өндөр эрх мэдэлтэй хүмүүсийн ийм зүйлийг шалгаж чаддаггүй юм шиг. Зээл авсан хэсэг хүмүүсийг хорьсон болоод л энэ хэрэг замхарч байна. Түр хорооны дарга нь гудамжны түгжрэл зохицуулна гээд яваад өгсөн. Энэ асуудлыг албаар санаатайгаар байхгүй болгож байна.

Сангийн сайд бол Хөгжлийн Банкийг дампууруулсан нэг гол хүний нэг. Тийм учраас тус банкны зээлийг төлөхийг яарч байгаа. Засгийн газраас баталгаа гаргуулах асуудлаа тогтоолоос авч хаясан нь дээр шүү" гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэв. 

Харин Сангийн яамнаас "Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийг 2023 онд 65, 2024 онд 60, 2025 онд 60 хувь гэдгийг хуулийн хязгаарын хүрээнд оруулж ирж байгаа. Засгийн газрын өр 2022 оны хагас жилийн байдлаар 28.5 их наяд төгрөг байна. ДНБ-д эзлэх нь 50.1 хувьтай тэнцэж байгаа. Хуулиараа 70 байх ёстойг ийм хязгаар дээр барьж байна. 

Хөгжлийн Банкны 800 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулаад байна. 2023 онд төлөх тус банкны хуваарьтай гадаад бондуудын эргэн төлөлтийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас төлж барагдуулах эсвэл дахин санхүүжүүлэх боломжгүй тохиолдолд Засгийн газрын зүгээс өрийн баталгаа гаргах юм. Гэхдээ бид үүнийг хэрэглэхгүй ч байж болно.

Болж өгвөл мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс гадаад бондуудын төлбөрийг хийнэ. Болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс баталгаа авах талаар оруулж ирсэн" хэмээв.