Манай улс энэ оны долдугаар сарын 2-нд анх удаа Кино урлагийг дэмжих хуультай болсон. Уг хууль долоон бүлэг, 25 зүйлтэй бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм.
Дотоодын кино үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын чиглэл, зарчим, төрийн байгууллагын эрх, үүрэг, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох, кино уран бүтээлчид, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч кино үйлдвэрлэх зорилгоор зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах зэрэг асуудлыг тусгасан анхдагч хуулийг ийнхүү баталсан.
Ингээд тус хуулийн зарим зүйл заалтыг онцлон хүргэж байна.
Хуулийн төсөл хоёр ерөнхий агуулгатай гэдгийг Соёлын сайд Ч.Номин тайлбарлаж байв. Монгол уран бүтээлчдийг дэлхийн хэмжээний кино уран бүтээл хийхэд дэмжлэг үзүүлэх, кино урлагийг дэмжих сангийн асуудал байгаа аж. Энэ нь буцалтгүй тусламж, зээл олгох гэсэн хоёр хэлбэрээр явагдана.
Кино урлагийг дэмжих сан хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна. Нэг чиглэл нь монгол уран бүтээлчдийн хийсэн кинонд буцалтгүй тусламж үзүүлж, дэлхийд гаргах зорилготой. Нөгөө нь кино продакшнуудад зээл олгох аж.
Тус сан нь дараах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.
Хуулийн төсөлд Кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд эн зэрэгцэн хөгжих, өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх шинэ алхмыг бий болгохоор хэд хэдэн онцлох заалтыг оруулжээ. Тухайлбал, кино үйлдвэрлэл болоод монгол хүний оюун санааны хөгжил, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болсон Кино урлагийг дэмжих сан, кино бүтээх зардлын буцаан олголт, татварын дэмжлэгийн талаар хуульд тусгажээ.
Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгоно.
Кино урлагийг дэмжих сангаар дамжуулан монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах болон арт кино бүтээх, монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх зэрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлж, кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгох юм байна.
Уран бүтээлчдийг боловсролын хувьд дэмжих, 18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх ангиллын киног нэвтрүүлсэн тохиолдолд тооцох хариуцлагыг хуульд нарийвчлан тусгажээ. Мөн кино үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлнэ.
Шинэчлэн батлагдсан Кино урлагийг дэмжих тухай хуультай ЭНД дарж танилцана уу.
Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Соёлын тухай хуулийг долдугаар сарын 2-нд УИХ эцэслэн баталсан. Ингэснээр төрөөс соёлын талаар хэрэгжүүлэх бодлогын чиглэл тодорхой болж байна.
Соёлын ажилтныг дэмжих хэд хэдэн заалтыг хуульд оруулжээ. Тодруулбал, олон улсын кино арга хэмжээнд амжилт гаргасан уран бүтээлчдэд Соёлын тухай хуульд зааснаар мөнгөн шагнал олгоно. Соёлын ажилтныг олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, уралдаан тэмцээнд оролцоход төрөөс дэмжлэг үзүүлэхээр хуульд заажээ.
Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно.
Соёлын тухай хуульд оруулсан онцлох заалтууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|