УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн батлав.
Хөдөлмөрийн тухай хуульд ажилласан жил харгалзахгүй амралтын хугацааг 20 хоног болгохгүй, хуучнаар буюу 15 хоногоор үлдээх, Уурхайн ажилчид 14/14 гэсэн уртын ээлжээр ажиллах өөрчлөлтийг оруулаад буй.
Түүнчлэн Мэргэжлийн боловсрол сургалтын тухай болон Эвлэрүүлэн зуучлал, Төрийн албаны, Захиргааны ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай, Боловсролын тухай, Дипломат албаны тухай, Донорын тухай, Жендерийн тэгш байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг тус тус эцэслэн баталлаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын ажлын хэсэг гурван жил тасралтгүй ажилласан Хөдөлмөрийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Энэ хуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар болон гэрээсээ зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүд зохицуулагдсан. Цалин хөлсийг гүйцэтгэл бүтээмж ур чадвартай уялдуулах нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан" хэмээв.
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн батлав.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Г.Занданшатар "Монгол Улс түүхэндээ анх удаа Кино урлагийн тухай хуультай боллоо. 52 гишүүн буюу 86.7 хувь нь дэмжсэнээр энэ хууль эцэслэн батлагдлаа. Ийм хуультай болох 10 жилийн өмнө буюу 2010 онд анх гарч байжээ. Дараа нь 2012 онд ажлын хэсэг байгуулагдаж, 2015 онд анхны төсөл эхэлж байжээ. Бодит ажил хэрэг болсон нь 2019 он юм. Кино бол дэлхийн соёл урлагийн хамгийн чухал салбар. Манай улсад кино урлагийн салбар үүсэж хөгжөөд 90 орчим жил болж байна.
1930 онд кино үйлдвэрлэлийн салбар анх байгуулагдаж байсан. Монгол киног дэлхийн түвшинд гаргах, кино үйлдвэрлэлийг дэмжих, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах нь чухал зорилт юм. Соёлын яам, кино урлагийн салбарынханд Монгол киноны чанарыг сайжруулж, дэлхийн түвшний техник технологийг эзэмших, мэргэжлийн түвшний ажилтнуудыг бэлтгэн Монгол киногоо дэлхийд гаргах үйл хэрэгт нь сайн сайхныг хүсье" гэлээ.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлав. Үргэлжлүүлэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.
ВИДЕО:
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!