Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

2030 он хүртэл НЭГ ТЭРБУМ МОД тарих боломжтой юу?

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна" хэмээн хэлсэн нь анхаарал татаад буй.

Тэгвэл нэг тэрбум гэдэг нь мод тарих тухайд "том тоо" мөн үү, энэ тооны модыг тарихад ямар хэмжээний талбай шаардлагатай вэ?

Модны төрлөөс хамаараад нэг га талбайд 2,500-3,500 ширхэг мод тарьдаг байна. Тэгэхээр нэг тэрбум мод тарихад 290-400 мянган га буюу 29-40 мянган км² талбай шаардлагатай гэсэн үг. Манай Улсын нийт газар нутгийн хэмжээ 1.5 сая км² юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн НҮБ-ын индэр дээрээс хэлсэн тоо тийм ч их тоо биш байх нь. 

Гэхдээ мод тарих гэдгийг амралтын өдөр цуглаад нүхэнд суулгац тариад, түүнийгээ хувинтай усаар услаад үлдээхийг хэлдэггүй. Тухайн модны суулгац хөрсөндөө дасан зохицож, ургах хүртэл арчилгаа үргэлжлэх ёстой аж. Тодруулбал, хамгийн багадаа нэг жил модоо арчлах ёстойг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Хүний зохисгүй үйл ажиллагаа, хөнөөлт шавж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан 2016 он гэхэд манай орны газар нутагт ойн эзлэх талбай 1950 оныхоос бараг хоёр дахин буурсан. Гэсэн ч тодорхой зорилт тавин ажилласны үр дүнд 2016 оноос хойш ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байна. Тодруулбал, сүүлийн таван жилд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 0.2 хувиар нэмэгдэн нийт газар нутгийн 8 хувьд хүрээд буй. Салбарын яамны зүгээс дараагийн гурван жилд буюу 2024 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувь, цаашлаад 2030 он гэхэд 9 хувьд хүргэх зорилтуудыг тавьжээ. 

Мэргэжлийн хүмүүсийн хувьд шинээр мод тарихаас илүүтэй ойн нөхөн сэргэх чадварыг дэмжих нь хугацаа хэмнэхээс гадна хүч хөрөнгийн хувьд хэмнэлттэйг хэлж буй. Тодруулбал, түймэр, хортон шавж, мод бэлтгэлээс үүдэлтэйгээр доройтсон ойн 83.6 хувь нь байгалийн аясаараа ургаж байна. Хангай, Хөвсгөлийн бүсэд шинэс, Хэнтийн бүсэд хуш буюу тухайн бүс нутгийн экосистемд зохицсон модод нөхөн сэргэх чадвар өндөртэй байгаа юм.

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ хүрээнд иргэд, ААН-үүд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 13 сая гаруй мод тариад байгаа. Мэргэжлийн байгууллагуудын ажилтай харьцуулахад энэ тоо тийм ч их биш. Тодруулбал, өнгөрсөн онд зөвхөн Сэлэнгэ аймагт  гэхэд 1,416 га талбайд ойжуулалт хийсэн. Модны тоогоор хэлбэл 4.2 сая орчим мод тарьсан гэсэн үг юм.