Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайд Г.Занданшатар уулзлаа.
Уулзалтад МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхим болон томоохон бизнес эрхлэгчид, санхүү, эдийн засгийн салбарын эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.
Бизнес эрхлэхэд ээлтэй, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн суурь өөрчлөлтөд хувийн хэвшлийнхний байр суурь нэн чухал болохыг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон. Ялангуяа төсөв, татварын бодлогын шинэчлэлд татвар төлөгчид, эрдэмтэд судлаачидтай нягт хамтран ажиллаж, тэдний саналыг тусгах зайлшгүй шаардлагатай гэлээ. Засгийн газар Татварын багц хуулийн төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай зэрэг хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр мэдээлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасныг хөрөнгө оруулагчдад сайтар тайлбарлах шаардлага үүсэж байгааг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэллээ. Мөн Татварын багц хуулийн төсөлд хувийн хэвшлийнхний оруулсан хэд хэдэн санал дэмжигдсэнд талархал илэрхийллээ.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын орчин нөхцөлд тохирсон, олон улсын сайн туршлага шингэсэн, эрх зүйн орчин бүрдүүлбэл Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэх боломжтой талаар Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт ярьж байлаа.
Уул уурхайн хайгуулын салбарыг бодлогоор дэмжиж, эрх зүйн зохицуулалтыг нээлттэй, уян хатан болгоогүйн улмаас олон асуудал ужгирч, энэ салбарт бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж буйг “Монголын алт” корпорацын ерөнхийлөгч Н.Цэлмүүн илэрхийлсэн. Мөн Нийгмийн даатгалын тогтолцооны гажуудал аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл учруулж байгааг засах, НӨАТ-ын тухай хуулийг тэгш хүртээмжтэй хэрэгжүүлэх талаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэргээр зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ.
Бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын санал бодлыг шийдвэр гаргахад тусгаж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байнгын ажиллагаатай болгохоор тогтов.
УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар боловсруулж буй хуулийн төслүүдийг зөвлөлийн гишүүдэд танилцуулж дахин саналыг нь сонсох, хуулийн төсөлд багтаагүй саналуудын татгалзсан шалтгаан, үндэслэл зэргийг эргэж мэдээлдэг байхыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Тус зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого, шийдвэр болон гарч, асуудлыг шийдвэрлэдэг байх нь зөвлөлийн гол зорилго гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭЗИС-ийн ахисан түвшний профессор С.Бямбахорлоо: Хувийн хэвшлийнхэн цалин хөлс нэмж болдоггүй болсон. Хувь хүн дээр хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр нь хязгаарладаг бол байгууллага хэдэн ч төгрөгийн цалин өгсөн түүнийх нь 13.5 хувийг шимтгэлд авдаг. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нь татвар болчхоод байна.
Энэ нь тэтгэвэр, эрүүл мэнддээ зарцуулагдах биш татаас, үлдсэн 70 хувиа тэжээх систем болчихсон. Нийгмийн даатгалын реформ хийх шаардлагатай байна
“МАК” ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн: Хайгуулын салбар үндсэндээ унасан. Олон улсын практикийг харвал хайгуулын лиценз нь ашиглалтынхаа лицензээс багадаа тав дахин илүү байх ёстой. Монголын хувьд хайгуулын лиценз нь ашиглалтынхаасаа бага болсон.
“Шунхлай холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан: Худалдааны гэрээ бол хоёр харилцагч эрх тэгш, ойролцоо байснаар хийгдэх ёстой атал манай улсын хувьд жингийн зөрүүтэй хэр нь ижил тэгш нөхцөлөөр гэрээ хийнэ гэдэг. Японтой хийсэн гэрээг бид нэлээд жишээ татдаг. Одоо Солонгостой хийх гэрээнд энэ алдааг давтмааргүй байна. Хэлэлцээ ямар түвшинд байгаа вэ, ямар бараа бүтээгдэхүүн дээр ярьж байгааг тодорхой болгомоор байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!