Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ангараг гарагийн хоёр сар нь нэг сарны хуваагдсан хэсгүүд байх магадлалтайг судалж тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Манай нарны аймгийн Ангараг гараг нь Фобос, Дэймос хэмээх хоёр жижиг сартай юм. Эдгээр сарнуудыг судалсан эрдэмтэд өөрсдийн дэвшүүлсэн онолоо Nature сэтгүүлийн энэ долоо хоногийн дугаарт нийтлүүлжээ.

Тэд NASA-гийн InSight хөлгийн цуглуулсан Ангараг гарагийн чичирхийллийн дата болон сарнуудын тойрог замын хэлбэр дээр үндэслэн симуляц бүтээж дагуулуудынх нь хөдөлгөөний түүхийг судалсан байна. Өөрөөр хэлбэл сарнуудын хөдөлгөөнийг ухрааж харах цаг хугацааны машин бүтээжээ.

Ийм аргаар цаг хугацааг хангалттай ухраахад хоёр сарны тойрог зам эрт цагт огтлолцож байсныг тогтоосон байна. Эндээс сарнууд эрт цагт нэг том сар байсан гэх таамаг дэвшүүлжээ.

Нарнын аймгийн гарагуудын ихэнх дагуул бөмбөрцөг хэлбэртэй байдаг бол Фобос, Дэймос хоёр төмс шиг зууван хэлбэртэй байдаг гэнэ.

Үүнээс гадна тэд маш жижиг хэмжээтэй. Том нь болох Фобос манай дэлхийн сарнаас 157 дахин жижиг хэмжээтэй, экваторын бүслүүрийн тойрог нь 70 км орчим байдаг.

Жижиг сар Дэймосын нягтрал манай сарныхаас хамаагүй бага юм байна.

Эндээс Дэймос нь Фобосоос салсан хэсэг гэж дүгнэж болохоор байгаа гэнэ. Ангарагийн сарыг сансрын нэг биет мөргөснөөс хоёр хэсэг болж хуваагдсан гэсэн үг юм.

1970-аад оны үед эрдэмтэд Ангарагийн хоёр дагуулыг сар биш, уг гарагийн тойрог замд гацсан астероидууд гэсэн дүгнэлтэд хүрч байжээ.

Гэвч тэдгээрийн тойрог замын хэлбэр энэхүү дүгнэлтийг сүүлд няцаасан байна. Фобос, Дэймос хоёр хэрвээ астероид байсан бол тойрог замын хэлбэр нь сунасан зууван хэлбэртэй байх ёстой аж.

Харин Ангарагийн дагуулууд тэгш цагираг хэлбэрийн тойрог замтайгаас гадна уг зам нь Ангарагийн экваторын дагуу байдаг юм. Хэрвээ астероид байсан бол дурын замаар тойрч байх ёстой гэнэ.

Манай сар нь 4.5 тэрбум жилийн өмнө Ангараг гарагтай ойролцоо хэмжээтэй сансрын биеттэй дэлхий мөргөлдсөнөөс үүүссэн гэдэг.

Мөргөлтөөс үүссэн хэлтэрхийнүүд дэлхийн тойрог замд бөөгнөрч нягтарснаар сар үүссэн байна.

Эдгээрээс гадна Фобос, Дэймос хоёр нь Ангараг гарагаас тогтмол зайд оршдоггүй.

Ангарагт ойр оршдог Фобос нь гараг руугаа жилд 1.8 метрээр ойртож байдаг. Дэймос нь харин эсрэгээрээ Ангарагаас жил бүр цөөн хэдэн инчийн хэмжээгээр холдож байдаг ажээ.

Эндээс Ангарагийн сарнуудын хөдөлгөөний цаг хугацааны машиныг бүтээх боломж гарсан байна.

Уг онолыг улам үнэмшилтэй болгохын тулд Фобос, Дэймос хоёрын гадаргаас дээж авч судлах шаардлагатайг судалгааг ахалсан Цюрихийн ETH их сургуулийн Геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн Амирхоссейн Багери ярьжээ.

Японы сансар судлалын хүрээлэн Martian Moons Exploration нэртэй судалгааны станцыг 2025 оны хавьцаа хөөргөж, Фобос, Дэймос хоёрын гадаргаас дээж авчрахаар төлөвлөөд ажиллаж байгаа юм байна. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл дэвшүүлсэн онолоо улам тодорхой болгож чадахыг Багери ярьжээ.

 

Эх сурвалж: Mashable