Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Токио хотын хүн амын дунд халдвар тархаж байгаа шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн тархалт дэлхий дахинд ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв. Өчигдөр дэлхийн хэмжээнд 284,000 гаруй тохиолдол батлагдсаны дийлэнх нь АНУ, Бразил, Энэтхэг, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад бүртгэгджээ.

Мөн зургаадугаар сарын 18-наас хойш дэлхий дахины хэмжээнд нас баралт хоногт дунджаар 5,000 орчимд тогтвортой бүртгэгдэж байсан бол өчигдөр 9,753 нас баралт бүртгэгдсэн байна.

АНУ

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлснээр тус улсад өчигдөр 72,200 гаруй шинэ тохиолдол, 1,113 нас баралт бүртгэгдсэн байна. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо 4 саяыг давжээ.

Бразил

Өмнөд Америк тивийн Бразил улсад өчигдөр 55,800 гаруй шинэ тохиолдол, 1,156 нас баралт бүртгэгдлээ. Тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өссөн дүнгээр 2,343,000 гаруй болсноос 85,200 гаруй хүн энджээ.

Энэтхэг

Халдварын тохиолдлын тоогоор дэлхийд гуравдугаарт бичигдэж буй Энэтхэг улсад өчигдөр 49,300 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 1,287,000 гаруйд хүржээ.

ОХУ

Манай хойд хөршид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5,811 шинэ тохиолдол, 154 нас баралт бүртгэгдэж, халдварын нийт тохиолдол өссөн дүнгээр 800,000-г давлаа.

Япон

Номхон далайн баруун бүсэд орших Япон улсад өчигдөр 777 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тэдгээрээс 365 нь Канто бүсэд бүртгэгдсэнээс 260 нь нийслэл Токиод илэрсэн. Кансей бүсэд 210 тохиолдол илэрсний 149 нь Осака хотод бүртгэгджээ.

Токио хотод анх шөнийн клубүүдэд голомт үүссэнээс тархаж байсан бол одоо хүн амын дунд тархалт явагдаж байгаа шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлжээ. Тухайлбал, зэргэлдээх Саятама, Чиба, Канагава зэрэг орон нутагт бүртгэгдэх халдвар сүүлийн өдрүүдэд тогтмол өсөж байна. Мөн халдварын тархалтын нөхцөл байдлын мэдээллийг харахад Осака, Нагояа, Фукуока хотуудад халдвар нэмэгджээ.

БНСУ

БНСУ-д өчигдөр 113 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Дийлэнх буюу 86 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол дотоодын 27 халдвар батлагдсан. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлын ихэнх нь гаднаас эх орондоо буцан ирсэн солонгос иргэн бол 43 нь гадаад улсын иргэд байна. Халдвартай иргэдийн аяллын түүхийг харвал 36 нь Ирак, 34 нь ОХУ, тав нь Филиппин, хоёр нь Япон, нэг нь Энэтхэг улсад зорчжээ.

БНХАУ

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр өчигдөр эх газарт 34 шинэ тохиолдол бүртгэгдсэний тав нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 29 нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварын 20 нь Шинжаан Уйгурын өөртөө засах бүс нутагт бүртгэгдсэн бол ес нь Ляонин мужийн Далянь хотод бүртгэгджээ. 

Долдугаар сарын 15-ны өдрөөс хойш Шинжаан Уйгурын өөртөө засах бүс нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 115 болсны 113 нь нийслэл Өрөмч хотод батлагдсан. Мөн өдөр Шинжан-Уйгурт шинж тэмдэггүй 35 тохиолдол батлагдсан нь бүгд Өрөмч хотод бүртгэгджээ.

Хонг Конг

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгод өчигдөр 123 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 115 нь дотоод халдвар. Хүн амын дунд халдвар тархаж байгаатай холбогдуулан Хонг Конгод тархалтыг хязгаарлахад шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэх талаар тус улсын Эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.