Уншиж байна ...
Зураг
Зураг

Сүүлийн жил гаруйн хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох эрсдэлд буй 45 хүний аяллыг зогсоожээ

Г.Мөрөн, iKon.mn
Өнөөдөр 10 цаг 54 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг “Анбаунд Монгол” ТББ-ын үйл ажиллагаатай танилцжээ.

Тус төрийн бус байгууллага нь олон улсын сайн туршлагыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх зорилгоор “Дамжин өнгөрөх ажиглалт” төслийг Цагдаагийн Ерөнхий Газар, ХХЕГ-ын зөвшөөрлийн дагуу Гаалийн Ерөнхий Газартай хамтран 2018 оноос хилийн боомтод хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Төслийн гол зорилго нь хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй, эсхүл хохирогч болсон хүүхэд, насанд хүрэгчдийг хилээр дамжин өнгөрөхөөс өмнө таньж тогтоох, таслан зогсоох, хамгаалах юм.

Төсөл хэрэгжих хугацаанд 2018 оноос 2020 оны нэгдүгээр сарын хооронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд байж болзошгүй 3,602 охид, эмэгтэйгээс асуулга, судалгаа авч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ.

Мөн эдгээр охид, эмэгтэйчүүдээс эрсдэлт нөхцөлд байж болзошгүй 206 эмэгтэйг тогтоож, 25 эмэгтэйд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж, гэр бүлд нь аюулгүй буцаасан байна.

КОВИД-19 цар тахлын дараагаас хилийн боомтуудын үйл ажиллагаа тогтворжиж, улмаар хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлт нөхцөл нэмэгдсэн учир ХХЕГ-аас дээрх төслийг дахин эхлүүлэх хүсэлт гаргасан байна.

Ингэснээр АНУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь“ төслийн хүрээнд 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн төслийг дахин эхлүүлээд байгаа аж.

Төслийг дахин хэрэгжүүлж эхэлсэн хугацаанд хүн худалдаалах гэмт хэрэгт эрсдэлд байж болзошгүй нийт 3,735 зорчигчоос асуулга, ярилцлага авч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ.

Эдгээрээс эрсдэлд буй 98 зорчигч тогтоогдсоноос 45 иргэн аяллаа зогсоож, нэг иргэн мансуурлын байдалтай байсан тул Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэст мэдээлж, холбон зуучилсан талаарх мэдээллийг уулзалтын үеэр өглөө гэж Хүний Эрхийн Үндэсний Комиссоос мэдээлэв.