Тайландын нийслэл Бангкок хотын төвд саяхан кинонд гардаг шиг аллага гарсан юм.
Өдрийн цагаар олны нүдэн дээр алуурчин мотоциклоо зогсоолд байрлуулж, дуулгаа авч тавьсны дараа гудамжаар тайван алхаж очоод нэгэн хүнийг буудаад буцаж зугтсан нь хяналтын камерт бичигджээ.
Хохирогч нь Камбожийн гол сөрөг хүчний намын хууль тогтоогч асан 73 настай Лим Кимя байсан юм.
Түүний харьяалагддаг намыг Камбожийн эрх баригчид 2017 онд тарааж байжээ. Лимийн цээжинд хоёр сум туссаныг Тайландын цагдаа нар мэдээлсэн байна.
Тэрбээр гэргийн хамт Камбожоос автобусаар Тайландад ирээд удаагүй байжээ.
“Тэр өөрийн гэсэн үзэл бодолтой, зоригтой нэгэн байсан юм. Түүнийг Камбожийн эрх баригчдаас өөр алах сонирхолтой хэн ч байгаагүй” гэж тарсан сөрөг хүчний намын дарга Кэм Сохагийн охин Моновитя Кэм хэвлэлд ярьсан байна.
Лим Кимя нь Камбож, Францын давхар иргэний харьяалалтай байсан ч намыг нь тараасны дараа эх орноосоо яваагүй гэнэ.
Түүний Камбожийн Үндэсний Авралын Нам сөрөг хүчний хоёр нам нэгдэж байгуулагдсан нам бөгөөд 2013 оны сонгуулиар Камбожийг сүүлийн 40 орчим жил захирч байгаа Хун Сений намыг ялах тун дөхсөн юм.
Хун Сен 2023 онд эрх мэдлээ хүү Хун Манетад шилжүүлж байжээ.
2013 оны сонгуулийн дараа Хун Сен сөрөг хүчнийг эх орноосоо урвасанд буруутгаж, гишүүд идэвхтнүүдийг нь хавчин хяхаж эхэлсэн юм.
Гэрийн хорионд зургаан жил болоод байсан сөрөг хүчний намын дарга Кэм Сохад 2023 онд 27 жилийн хорих ял оноожээ.
Өмнө нь сөрөг хүчний намын зарим гишүүд бас захиалгат аллагын хохирогч болж байв. 2016 онд Пномпен хотын гудамжинд Хун Сений шүүмжлэгч Кэм Лэй буудуулж алагдсан бол 2012 онд байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Чут Вутти бас алагдаж байжээ.
Тайландын цагдаа нар Лим Кимяг алсан этгээд Тайландын тэнгисийн цэргийн офицер асан, одоо мотоциклийн таксины жолоочоор ажилладаг хүн болохыг тогтоосон байна.
Тиймээс түүнийг олж барихад амархан. Гол нь хэн захиалсныг олох бараг боломжгүй гэж үзэж байна.
АНУ, Их Британид боловсрол эзэмшсэн Хун Манет эцгээсээ ерөнхий сайдын ажлыг шилжүүлж авсны дараа Камбожид хүний эрхийн нөхцөл байдал сайжрах байх гэсэн хүлээлт үүссэн ч өөрчлөгдөх шинж харагдахгүй байна.
Хун Сен одоо ч гэсэн хүүгээрээ дамжуулан Камбожийн бүх эрх мэдлийг атгасан хэвээр байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!