Өчигдөр дэлхий дахинд 202,600 гаруй хүн COVID-19-ийн халдварыг шинээр авч, 4,200 гаруй хүн нас барсан тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.
АНУ-д өчигдөр 67,000 гаруй тохиолдол ,1,047 нас баралт нэмж бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 3,882,000 гаруй болж, 141,600 гаруй хүн энджээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бразил улсад шинээр 67,800 гаруй хүн халдвар авсан нь батлагджээ. Энэ нь халдвар анх дэгдсэн цагаас хойших нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.
Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 2,227,000 болсон бөгөөд 1,532,000 нь эдгэрсэн бол 82,700 хүн уг өвчний улсаас амиа алдаад байна.
Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 37,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1,192,000-д хүрчээ.
Лхагва гарагт Япон улсад 795 тохиолдол бүртгэгдлээ. Тэднээс 240 орчим нь Токио хотод бүртгэгдсэн байна. Иймд Токио хот эрсдлийн зэргээ хамгийн өндөр түвшинд хүргээд байгаа юм.
Австралийн холбооны улс өчигдөр иргэдийнхээ дунд 56,000 гаруй сорьцод шинжилгээ хийж, 502 тохиолдлыг илрүүлжээ. Шинэ тохиолдлуудын 484 нь Виктория мужид дангаараа бүртгэгдсэн байна.
Өмнөд Солонгос улсад өчигдөр 59 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэднээс 39 нь дотоодын халдвар байсан бол үлдсэн нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.
Тус улсын Цэргийн ангид халдварын шинэ голомт гарч, тухайн голомтоос 13 цэрэг халдвар авсан нь батлагдсан. Иймд хавьтлыг судалж, шинжилгээ хийх болон халдварын эх уурхайг тогтоох ажлыг батлан хамгаалах салбарын тархвар судлаач нар гүйцэтгэж байна.
БНХАУ-ын эх газарт 22 шинэ тохиолдол бүртгэгдсэний 19 нь дотоодын халдвар байна. Тэдний 18 нь Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутагт бүртгэгджээ. Тус бүс нутагт өчигдөр нэг сая гаруй хүний сорьц цуглуулж, 27 лабораторид шинжилж эхэлсэн байна.
Долдугаар сарын 15-ны өдрөөс хойш Шинжаан Уйгурт нийт 82 тохиолдол батлагдсан байгаа. Бээжин хотын Шиньфади хүнсний захтай холбоотой 335 тохиолдлоос өнөөдрийн байдлаар 256 нь эдгэрсэн.
Мөн БНХАУ-ын хэмжээнд эмнэл зүйн шинж тэмдэггүй 164 тохиолдлыг эмнэлгийн хяналтад ажиглаж байна.
Хонг Конгт өчигдөр 116 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 105 нь хүн амын дундах дотоодын халдвар байсан аж.
Сүүлийн өдрүүдэд тус бүсэд халдвар улам нэмэгдэж байгаа тул дэлгүүр, худалдааны зах зэрэг олон нийтийн газруудад амны хаалт заавал зүүхийг албан ёсоор шаардаж эхэлжээ.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!