Уншиж байна ...
Зураг
Зураг

Мета компанийн агуулгын бодлогод гарсан том өөрчлөлтийг зарлахдаа Закербэрг $900,000-ын үнэтэй цаг зүүсэн байв

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 9 цаг 48 минут
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Мета компани Фэйсбүүк, Инстаграм платформуудаар цацагдаж байгаа мэдээллийн үнэн зөвийг нягтлах “fact checking” үйл ажиллагааг АНУ-ын зах зээлд зогсоож байгаагаа зарласан юм.

Уг арга хэмжээнд оролцохдоо тус компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг бугуйдаа асар өндөр үнэтэй цаг зүүсэн байсан нь олны анхаарлыг татсан байна.

Түүний зүүсэн Greubel Forsey Hand Made 1 нэртэй цаг $900,000-ын үнэтэй ажээ.

Үйлдвэрлэгч нь ийм цагийг жилд хоёроос гурван ширхгийг л гаргадаг бөгөөд бүрэн гар хийцтэй гэдгээрээ алдартай юм байна.

Тухайлбал “Hand Made 1” загвар нь 281 ширхэг эд ангиас бүрддэг, тэдгээрийн ихэнхийг зөвхөн үйлдвэрлэгч компанид гар аргаар бүтээдгийг Greubel Forsey компанийн вэбсайтад мэдээлжээ.

Нэг үе энгийн, минималист амьдралын хэв маягаараа олонд танигдаж, саарал богино ханцуйтай цамцнаас салдаггүй байсан “номын хүний” дүртэй Закербэрг сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөөд байгаа.

Тэрбээр жиүжиүцүгээр хичээллэж, биеийн хөгжил нь эрс сайжирснаас гадна алтан гинж зүүж, хурц тод хэв загвараар хувцасладаг болсон.

Өнгөрсөн оны гуравдугаар сард тэр Энэтхэгийн тэргүүн баяны хүү Анант Амбанигийн хуримд оролцохдоо сүйт залуугийн зүүсэн Richard Mille брэндийн цагийг шохоорхон үзэж байсан юм.

“Би хэзээ ч цагтай болохыг сонирхож байгаагүй. Гэхдээ үүнийг хараад цагтай болмоор санагдлаа” гэж тухайн үед Закербэрг хэлснийг харуулсан дүрс бичлэг сошиал ертөнцөд тарж байлаа.

Закербэргийн энэ өөрчлөлт Мета компанийн агуулгын бодлогод бас нөлөөлж эхэлсэн байж болзошгүй байна.

Мягмар гарагт тус компанийн зарласан шийдвэр нь Фэйсбүүк, Инстаграм платформоор цацагддаг мэдээний агуулгад тавих хяналтыг сулруулах ач холбогдолтой юм.

 

Эх сурвалж: Business Insider