Дани улсын харьяанд байдаг Гринланд арлыг АНУ-д хүчээр нэгтгэх тухай санааг ерөнхийлөгчийн сонгуульд ялагч Дональд Трамп саяхан илэрхийлээд байна.
Эхлээд тэр 2019 онд арлыг худалдаж авах санаа цухуйлгасныг Данийн эрх баригчид эрс няцааж байлаа.
Харин саяхан хоёр дахь удаа энэ санаагаа давтахдаа Трамп зэвсгийн хүчээр эзлэн авах боломжийг үгүйсгээгүй юм.
Тэгвэл Герман, Францын удирдагчид өчигдөр Трампын санааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлцгээжээ.
Германы канцлер Олаф Шольц “Хилийн халдашгүй байдлын зарчим нь маш жижиг ч бай, маш хүчтэй ч бай бүх улсад адил тэгш үйлчилнэ” гэж хэлсэн байна.
Францын гадаад хэргийн сайд Жан Ноэл Барро “Европын Холбоо өөрийнхөө хилд халдахыг дэлхийн бусад ямар ч улс оронд зөвшөөрөхгүй нь ойлгомжтой” гэж хэлжээ.
Гринландын өөртөө засах засаг захиргааны тэргүүн Муте Эгэдэ хэдийгээр Дани улсаас тусгаар тогтнох санааг дэмждэг ч АНУ-д худалдагдахыг хүсэхгүй байгаа.
Тэрбээр өчигдөр Данийн эрх баригчидтай уулзахаар Копенхагенд очсон байна.
Дани бол АНУ, Герман, Францын нэг адил НАТО-гийн гишүүн орон юм.
“НАТО бол манай хамгийн чухал батлан хамгаалах хэрэгсэл бөгөөд Атлантын далайг дамнасан харилцааны гол төв цэг юм” гэж канцлер Олаф Шольц мэдэгджээ.
Өчигдөр өглөө Франц Интер радиод ярихдаа Жан Ноэл Барро “Хэрвээ та надаас Гринландыг АНУ эзлэх үү гэж асуувал би үгүй гэж хариулна. Бид хамгийн хүчтэй нь амьд үлддэг эрин үед шилжиж байна уу гэж асуувал би тийм гэнэ. Гэхдээ бид айж эмээж амьдрах уу гэвэл үгүй. Бид сэрж, хүч чадлаа нэмэгдүүлэх ёстой” гэж хэлсэн байна.
Хэдийгээр Герман, Франц хоёр улс нь Европын Холбооны хамгийн хүчирхэг гишүүд мөн ч АНУ-ын эзлэн түрэмгийллийг таслан зогсоох боломжгүй юм.
Учир нь тэдний батлан хамгаалах асуудлыг АНУ-ын тэргүүлдэг НАТО бүрэн дааж байдаг.
Гринланд арал дээр Хүйтэн дайны үеэс АНУ-ын радарын бааз байрлаж байгаа бөгөөд Вашингтоны хувьд стратегийн чухал байршил юм.
Трамп уг арлыг АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хувьд чухал ач холбогдолтой газар нутаг гэж үзэж байна. Тухайлбал тэрбээр Хятад, Оросын тэнгисийн хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлах, хянахад Гринланд арал чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Трампыг ингэж ярьсан өдөр Данийн ерөнхий сайд Метте Фредериксен телевизээр ярихдаа “Гринланд бол Гринландын оршин суугчдын өмч, зөвхөн тэд өөрийн ирээдүйг шийдэх эрхтэй” гэжээ.
57,000 орчим оршин суугчтай Гринланд арлын эдийн засаг Дани улсын төсвийн хуваарилалтаас ихээхэн хамааралтай байдаг.
Гэхдээ нөгөө талаар цас мөсөнд хучигдсан энэ арал орчин үеийн технологид ашиглагддаг ховор металлын арвин нөөцтэй нутаг юм.
Өчигдөр буюу Лхагва гарагт Дональд Трампын ууган хүү “бага” Трамп нэг өдрийн хугацаанд Гринланд аралд хувийн зорилгоор зочлоод буцсан нь анхаарал татаж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!