Арабын Нэгдсэн Эмират улсын паралимпын тамирчин Абдулла Хаяаигийн амь насанд Их Британийн Хөнгөн Атлетикийн холбоо болон тус холбооны тэргүүн асан 77 настай Кэйт Дэвисийг буруутай гэж үзлээ.
Паралимпын жад шидэлтийн болон бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлддөг байсан Абдулла 2017 онд Английн Лондон хотод болсон Пара Хөнгөн Атлетикийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцохоор Ньюхэмийн спорт заалд бэлтгэлийн үеэр төмөр тор дээрээс нь унасан харамсалтай хэрэг гарсан юм.
Тэгвэл Английн прокурорын газраас уг хэрэгт Хөнгөн Атлетикийн холбоог буруутай гэж үзсэнээ мэдэгдсэн байна.
Уг байгууллагыг аюулгүй байдлыг бүрэн хангаагүй гэж үзэж байгаагаа хуулийнхан зарлажээ.
Үүнтэй холбоотойгоор тухайн үед холбоог тэргүүлж байсан өдгөө 77 настай Кэйт Дэвис "хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд халдсан" гэх үндэслэлээр буруутгасан байна.
Хөнгөн Атлетикийн Холбоо болон Кэйт Дэвисийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал энэ сарын 31-нд болох юм.
Талийгаач эр шидэлтийн бүх төрөлд өрсөлддөг тамирчин байв. Таван хүүхдийн эцэг байсан тэрбээр 2016 онд Бразилд болсон паралимпын жад шидэлтийн төрөлд VI байр эзэлсэн бол бөөрөнцөг түлхэлтийн төрөлд VII байрт орсон.
Нас барах үедээ хоёр дахь ДАШТ-д оролцохоор бэлдэж байв. Өмнө нь 2015 онд Катарт болсон тэмцээнд оролцоод шагналт байранд оржээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!