Монгол Улсад томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын Иргэний Цэргийн Харилцааны Баг болон АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд 2,000 ширхэг пульсоксиметр хандивлалаа.
Мөн Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-ны Санхүүгийн газрын дарга Э.Мөнхсүх "Эрүүл мэндийн яам АНУ-ын ЭСЯ болон Цэргийн Иргэний Дэмжлэгийн Албанд энэхүү чухал хяналтын тоног төхөөрөмжийг хандивласан явдалд талархал илэрхийлье. Эдгээр пульсоксиметр нь Улаанбаатар болон хөдөө орон нутгийн эмнэлгийн эмч, сувилагчдад энэ томуугийн улиралд монгол иргэдэд илүү сайн тусламж үзүүлэхэд туслах болно” гэв.
Хандивласан оксиметрийг ЭМЯ-наас Улаанбаатар хот болон ойролцоох өвчтөнүүдийн ачаалал ихтэй нийтийн эмнэлгүүдэд хуваарилах юм. Энэхүү багаж хэрэгсэл нь томуу болон амьсгалын замын вирусийн өвчтөнүүдэд эмчилгээ үзүүлэхэд чухал үүрэгтэйгээс гадна бусад өвчнийг эмчлэх Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
АНУ-ын ЭСЯ-наас өгсөн мэдээлэлд "АНУ гурав дахь хөрш болох Монгол Улстай үргэлж хамт байж, дэмжсээр ирсэн бөгөөд энэхүү хандив нь өвлийн томуу төст өвчний улиралд монгол иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулж, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг хөнгөвчлөхөд тусална гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!