Уншиж байна ...
Зураг
Зураг

Трампын саналын хариуд Мексикийн ерөнхийлөгч АНУ-ыг “Мексикийн Америк” гэж нэрлэх санал тавив

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 46 минут
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Флорида дахь хувийн эдлэндээ зохион байгуулсан дуулиант хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагч Дональд Трамп хөрш орнууддаа нэлээд халгаатай мэдэгдлүүдийг хийсэн юм.

Тэрбээр хойд хөрш Канадыг эдийн засгийн шахалт дарамтын аргаар АНУ-ын 51 дэх муж болгох хүсэлтэйгээ энэ үеэр ярьж байв.

Трамп бас өөрийн өмнөд хөрш Мексикийн нэрээр нэрлэгддэг Мексикийн буланг “Америкийн булан” гэж нэрлэх санааг дэвшүүлсэн юм.

Тэгвэл Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум өчигдөр хошигнол байдлаар АНУ-ын шинэ ерөнхийлөгчид хариу санал тавьжээ.

Шэйнбаум ээлжит хэвлэлийн хурлынхаа үеэр хананд өлгөсөн том газрын зургийн өмнө зогсоод Умард Америк тивийг бүхэлд нь “Мексикийн Америк” гэж нэрлэх хэрэгтэйг хэлсэн байна. Мексик улсын одоогийн үндсэн хуулийн эх болдог 1814 оны тусгаар тогтнолын бичиг баримтад ингэж нэрлэж байсныг тэр тайлбарлажээ.

Шэйнбаум бас Атлантын далайн нэг хэсэг болох тэнгисийн усыг бүр 1607 оноос хойш буюу АНУ-ыг байгуулагдаагүй байх үеэс Мексикийн булан гэж нэрлэх болсныг энэ үеэр мэдэгдсэн байна.

Өнгөрсөн онд Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон Шэйнбаум цаашдаа өөрийн хойд хөрш АНУ-тай хэрхэн харилцах нь тодорхойгүй байгаа.

Түүний өмнөх ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор хэдийгээр зүүний үзэл баримтлалтай улс төрч байсан ч Трамптай сайн харилцаатай байж, Мексикээс АНУ руу чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг зогсоох арга хэмжээ авч байсан юм.

“Хошигнол бол Трампын түрэмгий үзэл санаанд хариулах хамгийн зөв тактик. Тиймээс Шэйнбаумыг би зөв арга сонгосон гэж бодож байна” гэж Нью-Йорк хотод төвтэй Америкийн Зөвлөл судалгааны байгууллагын дэд ерөнхийлөгч Брайан Уинтер ярьжээ.

Арваннэгдүгээр сард АНУ-ын хоёр хөршийн бүх бараанд 25 хувийн импортын татвар оноохоор Трампыг сүрдүүлэхэд Шэйнбаум ижил хариу арга хэмжээ авахаа анхааруулж байсан юм.

Тэрбээр ийм татвар АНУ болон Мексикийн аль алинд нь инфляцыг хөөрөгдөж, ажилгүйдлийг өсгөх сөрөг нөлөөтэйг хэлж байв.

АНУ руу чиглэсэн хууль бус цагаачид, хар тамхийг хязгаарлах тал дээр Мексик, Канад улсууд хангалттай ажиллахгүй байгаа гэсэн үндэслэлээр ийм өндөр татвар оноох төлөвлөгөөтэй байгаагаа Трамп тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press