Уншиж байна ...
Зураг
Зураг

О.Чимэдсүрэн: Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 96% эрүүл мэндийн эрсдэлтэй бүлэгт хамаарч байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
8 цаг 17 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ) болон Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-өөс өсвөр насныхан, залуусын согтууруулах ундааны хэрэглээ, донтолтын өнөөгийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгөв. 

Энэ удаагийн хурал 21 нас хүрээгүй залуучуудад согтууруулах ундаа худалдан борлуулах, зуучлагч үйлчлүүлэгч гэдэг олон улсын тандалтын аргачлалыг нэвтрүүлээд гаргасан үнэлгээний үр дүнтэй танилцах зорилготой юм.

Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын "Эрүүл Монгол Хүн" үндэсний хөтөлбөрийг хариуцсан албаны дарга, Анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэн, СЭМҮТ-ийн донтох эмгэг судлалын клиникийн эрхлэгч, сэтгэлзүйч Ч.Энхчимэг, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээ, судалгааны хэлтэс, уг судалгааг хариуцаж ажилласан төрийн бус байгууллагын төлөөлөл болон Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн оролцлоо.


Хэлэлцүүлгийн үеэр "Эрүүл Монгол Хүн" үндэсний хөтөлбөрийн талаар О.Чимэдсүрэн танилцуулсан юм. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл Монгол Хүн" үндэсний хөтөлбөрийн гол зорилго нь иргэдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа архидан согтууралтыг бууруулахад анхаарч байна.

Өнгөрсөн 2024 онд энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор НЭМҮТ цогц ажил хийсний нэг нь насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчилгээний байгууллагууд архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа эсэхийг тандах судалгаа байлаа.

Монгол хүний эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөдөлгөөн өрнүүлж байгаа. Монгол хүний дундаж наслалт 71.5 гэдэг нь хэдийгээр нэмэгдэж байгаа боловч дэлхийн бусад улс орнууд болон Азийн орнуудтай харьцуулахад бага тоо.

Ялангуяа эрчүүд эсрэг хүйстний хүнээсээ 10 насаар бага насалдаг. Энэ дундаж наслалтад нөлөөлж байгаа хүчин зүйлийг бид Вашингтоны их сургууль, олон улсын судлаачдын багтай хамтраад илрүүлэхэд өндөр хатуулгатай архины хэрэглээ хамгийн их нөлөөлдөг болохыг тогтоосон. Үүний дараа дутуу төрөлт, агаарын бохирдол, тамхидалт орсон.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Архинаас шалтгаалсан эмгэгийн нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлдэг. НЭМҮТ-д хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 3.5 сая хүн амтай Монгол Улсад насанд хүрсэн иргэдийн 3.9 хувь нь эрүүл мэндийн хувьд эрсдэлгүй бүлэгт хамаарч байна.

Тодруулбал архи, тамхи хэрэглэдэггүй, хэвийн жинтэй, зөв хооллодог иргэнийг эрсдэлгүй бүлэгт хамруулдаг. Энэ хувийг нэмэхгүй бол 20-30 жилийн дараа одоо ачааллаа дийлэхгүй байгаа эрүүл мэндийн салбарын ачаалал, санхүүжилт өсөх, иргэдийн дундаж наслалт нэмэгдэхгүй зэрэг эрсдэл бий болох юм.

Энэ бүгд дээр үндэслээд 2022 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч 43 дугаар тоот зарлиг гаргасан. Энэ зарлиг дээр үндэслээд Монгол Улсын Засгийн газар архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулсан.

Уг хуульд насанд хүрээгүй хүүхдэд архиар үйлчлэхгүй, хэн нэгнийг архиар шахвал хариуцлага тооцох, борлуулсан архины литр тутмаас ₮300-ийг урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх, архинд донтох эмгэг туссан хүмүүсийг эмчлэх үйлчилгээг өргөжүүлэхэд зарцуулахаар болсон. 

Мөн Онцгой албан татварын хуульд өндөр градусаас хамаараад архины үнэ хоёр дахин нэмэгдсэн. 

"Архины далд хэлбэрийн сурталчилгааг зогсоох ёстой. "Буу халья", "Халамцуу яриа" зэрэг нэвтрүүлгүүд ийм төрлийн сурталчилгааг хийж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас архидан согтуурахтай тэмцэхийн тулд "Safer" гэсэн таван бодлогыг баримтлахыг зөвлөдөг.

Үүнд

  • Архины хүртээмж, олдцыг хязгаарлах
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд шийтгэлийг чангатгах
  • Эмчилгээ
  • Сурталчилгааг хориглох
  • Үнэ өсгөх зэрэг ордог.

Үүнтэй холбоотойгоор 2016 онд СЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар Монголд насанд хүрсэн хүний зургаан хувь нь архинд донтох эмгэгтэй байгааг тогтоосон. Энэ судалгааг өргөжүүлээд 2024 онд бид Хан-Уул дүүргийн зургаан хороонд 10,000 хүнд хийхэд дээрх хувь 13 болж нэмэгдсэн байв.

Зарим гэр хороололд бүр илүү өндөр хувьтай байсан.

Мөн архи сурталчлахыг хориглодог хууль бий. Гэвч манайд хуулийн хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй байна. Архины далд сурталчилгааг хориглох шаардлагатай.

Телевиз, радиогоор хүртэл "Буу халья", "Халамцуу яриа", "Урт цагааны гудамж" зэрэг ууж, идэж байгаагаа ил харуулдаг нэвтрүүлгүүд гарч байна" гэв.