УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен шилжүүлж ирэх гэж буй тоног төхөөрөмжийн талаар "Дэлхийн геополитик хүндхэн, дайны байдалд шилжсэн байна. Зэвсэг техник шилжүүлж авч байгаа нь зөв. Манайх хуурай болон агаарын замын цэргийн тоног төхөөрөмж шилжүүлж авах боломжтой.
Технологи гэхээр үйлдвэрлэл явагдана гэсэн үг. Шилжүүлэн авч байгаа сум, буу, хуягт машин, дрон нь хамгийн сүүлийн үеийнх үү эсвэл технологи нь хоцрогдсон хуучных уу. Манай урд, хойд хөрш зэвсэгт техникийн хувьд бол нэлээд хөгжсөн. Шилжүүлж буй тоног төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтнийг бэлдсэн үү" хэмээн асуув.
Түүний асуултад Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Дэлхийн геополитикийн нөхцөл байдал маш амаргүй, ээдрээтэй байгаа. Хаа сайгүй дайн байлдаантай байгаагаас болж дэлхийн улс орнууд батлан хамгаалах салбарын зардлаа нэмэгдүүлж байна. Энэ цаг үед батлан хамгаалах салбараа бэхжүүлэх улс орныхоо тусгаар тогтнолыг бүрэн эрхт байдлыг хангахад онцгой анхаарах ёстой.
АНУ-ын ерөнхийлөгч Трамп гарч ирээд Канадыг манай улсын 51 дэх муж болго. Грийнланд арлыг бид авна, Панамыг сувгийг бид байгуулсан юм чинь буцааж авна гэсэн.
Энэ цаг үед үндэсний сөрөн тэсэх чадварыг бий болгох зорилгоор "эх оронч монгол" хөтөлбөрийг санаачилж байгаа. Иргэн бүрийг эх орны төлөө гэсэн сэтгэлтэй, үүрэг хариуцлага хүлээдэг ухамсартай байх хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай байна.
Япон улсаас шинэ тоног төхөөрөмж оруулж ирж байгаа. Удахгүй Туркээс манай улсад сум үйлдвэрлэдэг үйлдвэр оруулж ирэх гэж байгаа. Галт зэвсэг, сумаа гаднаас өндөр үнэтэй валютаар худалдаж авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэдэг болно.
Иргэний болон цэргийн зориулалттай сумыг Монгол Улсад үйлдвэрлэх юм. Одоо оруулж ирж буй тоног төхөөрөмжийг ашиглах боловсон хүчин бэлтгэгдсэн" хэмээн хариулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!