Уншиж байна ...
Зураг
Зураг

Японы сонин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн согтууруулах ундааны хэт хэрэглээний талаар бичжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 9 цаг 21 минут
iKon.MN
Зураг зураг

Японы Асахи Шимбүн сонинд цэргийн дэглэм зарласан шалтгаанаар бүрэн эрхээ түдгэлзүүлээд байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын сүүлийн үеийн зан төлөвтэй холбоотой баримтуудыг бичжээ.

Ингэхдээ Юн Сүк Ёлтой хэд хэдэн удаа оройн зоог барьж байсан Өмнөд Солонгосын засгийн газрын экс сайдын ярьсныг эх сурвалжаа болгосон байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуулийн үр дүнд сөрөг хүчнийхэнд эрх мэдлээ хязгаарлуулах болсноосоо хойш Юн маш их стресстэж, цэргийн дэглэм зарлах санааг ойр ойрхон цухуйлгах болсон гэнэ.

Мөн тэр үеэс хойш Юн согтууруулах ундаанд нэлээд орсон талаар эх сурвалж ярьжээ.

Сөүл хотын Самчондон дахь ерөнхийлөгчийн өргөөнд Юн голдуу уудаг байсан гэнэ. Ингэхдээ тэр самгёпсал (гахайн шарсан мах) зооглож, сөжү архийг шар айрагтай хольж хийдэг “сомэк” голдуу уудаг байжээ.

Юн нэг удаадаа 20 хүртэл аяга сомэк уудаг байсныг эх сурвалж баталсан байна.

“Ихэнх хүмүүс сомэк уухдаа аягаа хагас дүүргэдэг байхад ерөнхийлөгч бүтэн дүүргэдэг байсан. Тэр ингэж ууж байхдаа сөрөг хүчний улс төрчдөөс гадна эрх баригч намын гишүүдийг ч бас шүүмжлэн ярьдаг байлаа” гэж экс сайд ярьжээ.

Юн Сүк Ёл ерөнхийлөгч болохоосоо өмнө прокуророор ажиллаж байсан хүн юм. Түүний уух арга барил прокурор байх үеэс нь уламжлалтай байж болзошгүй гэнэ.

Солонгосын прокуроруудын дунд түргэн согтоох үйлчилгээтэй “Тэн-тэн” гэгддэг виски, шар айраг хольсон ундаа түгээмэл хэрэглэгддэгийг эх сурвалж баталжээ.

Юн Сүк Ёлын уулт ихэнхдээ үүр цайтал үргэлжилдэг байсныг түүний гадаад бодлогын зөвлөх асан ярьсан байна.

“Уртасгасан цагаар ажиллаж байгаадаа ерөнхийлөгчийн өргөөний хамгаалалтын ажилтнууд ч дургүйцлээ илэрхийлдэг байсан” гэж тэр дурсжээ.

Юн Сүк Ёл бас нэр хүнд нь унаж, өөрийг нь шүүмжлэх явдал нэмэгдэхийн хэрээр хэт барууны үзэл суртал түгээдэг YouTube сувгуудыг сонирхон үздэг болсныг Асахи Шимбүн эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.

Экс сайд нь олон нийтийн санаа бодлыг сайн ойлгохын тулд үндсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн агуулгыг сайн анхаарч байхыг зөвлөсөн ч тэр хэрэгсээгүй гэнэ.

“Улс төрд өөр өөр үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэхэд их цаг хугацаа орж, заримдаа үр дүнд хүрэхгүй ч тохиолдол байдаг. Харин богино хугацаанд үр ашигтай ажиллахыг чухалчилдаг прокурор байсан түүний хувьд улс төрийн мөн чанарыг ойлгоход хэцүү байсан байх” гэж эрх баригч намын нэг хууль тогтоогч ярьсныг Асахи Шимбүн мэдээлжээ.

 

Эх сурвалж: Asahi Shimbun