Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: БНСУ-ын цэргийн ангид гарсан халдварыг гаднаас очиж хичээл заасан багш тараасныг тогтоожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн тархалт дэлхий дахинд ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

АНУ

Долдугаар сарын 23-ны өдөр АНУ-д 70,100 тохиолдол, 1,078 нас баралт нэмж бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 3,952,000 гаруй болж, 142,700 гаруй хүн эндээд байна.

Бразил

Халдварын тохиолдлын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа Бразил улсад өчигдөр 59,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад бүртгэгдсэн халдварын тоо өссөн дүнгээр 2,287,000 болж, 84,000 гаруй хүн эндээд байна.

Бразил улсад нэг өдөрт батлагдаж байгаа шинэ тохиолдлын тоо нэг сая хүн тутамд 10,768 байна.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 45,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 1,238,000 гаруйд хүрэв. Мөн өдөр тус улсад 1,129 нас баралт бүртгэгдсэн байна.

ОХУ

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5,848 тохиолдол, 147 нас баралт шинээр бүртгэгджээ. ОХУ-д халдвар авсан хүний тоо өссөн дүнгээр 795,000 болсон байна.

Дээрх тоон үзүүлэлтийг ОХУ-ын хүн амынх нь тоотой харьцуулбал 100 мянган хүнд ногдох тохиолдлын тоо 545 бол нэг сая хүнд ногдох нас баралт 88.4 хувьтай байна. Тус улс өчигдөр 26,000 гаруй шинжилгээ хийж, 267,000 хүнийг тусгаарлаад байгаа юм.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад Пүрэв гарагт 981 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдгээрийн 526 нь Канто бүсэд бүртгэгдсэн байна. 

Япон улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 28,104 болсон бөгөөд 74 хувь нь эдгэрсэн аж. Мөн нийт тохиолдлын гурван хувь нь нас бараад байна.

Одоогоор 6,000 гаруй хүн идэвхтэй халдвартай байгаагаас 0.9 хувь нь эрчимт эмчилгээнд байгаа юм.

Австрали

Австралийн холбооны улс өчигдөр 69,000 гаруй сорьцод шинжилгээ хийж, 423 шинэ тохиолдлыг илрүүлэн бүртгэжээ. Тэдгээрийн дийлэнх нь буюу 403 нь Виктория мужид  бүртгэгдсэн. Тус улсад одоогоор 3,700 орчим хүн идэвхтэй халдвартай байгаагаас 211 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

БНСУ

Солонгос улсад өчигдөр 41 тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудын 28 нь Сөүл орчмын бүсэд бүртгэгджээ.

Цэргийн ангид халдвар илэрсэнтэй холбоотойгоор шинээр цэрэг элсүүлсэн ангиудад шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн байна. Цэргийн ангид гарсан голомтот халдварыг гаднаас очиж хичээл заасан багш тараасныг тогтоожээ.

БНХАУ

БНХАУ-ын эх газарт Пүрэв гарагт 21 шинэ тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 15 нь дотоодын халдвар байсан бол үлдсэн нь гаднаас зөөвөрлөгдсөн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дотоодын халдварын 13 нь Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутагт бүртгэгдсэн бол хоёр нь Далянь хотод бүртгэгдсэн байна. Далянь хотод Лхагва гарагаас шинэ халдвар бүртгэгдэж эхэлсэн.

Одоогоор тус хотод шинж тэмдэггүй 12, шинж тэмдэгтэй 3 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй тархвар зүйн хувьд холбоотой байна. Тиймээс уг үйлдвэрийг хааж, бүх ажилтныг карантинд оруулан нуклейн хүчлийн шинжилгээ хийж эхэлжээ.

Харин Бээжин хотын Шиньфади хүнсний захтай холбоотой 335 тохиолдлоос 270 нь эдгэрсэн байна. БНХАУ-ын хэмжээнд эмнэл зүйн шинж тэмдэггүй 204 тохиолдлыг эмнэлгийн хяналтад авсан талаар мөн эх сурвалж мэдээлжээ.

Хонг Конг

Хонг Конгт өчигдөр 118 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдний 111 нь дотоодын халдвар байна.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/574481919891848

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.