Өчигдөр дэлхий дахинд 229,700 гаруй хүн COVID-19-ийн халдварыг шинээр авч, 5,100 хүн нас барсан талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэллээ.
Тэрбээр дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлыг танилцуулсан юм.
Долдугаар сарын 20-ны өдөр АНУ-д 63,200 гаруй тохиолдол, 498 нас баралт нэмж бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 3,761,000 гаруйд хүрсэн бөгөөд 141,000 гаруй хүн эндээд байна.
Бразил улсад өмнөх өдрүүдээс шинэ халдварын тоо харьцагуй буурч байна. Өчигдрийн хувьд 20,200 гаруй шинэ тохиолдол, 632 нас баралт шинээр бүртгэгджээ. Бразилд нийт халдвар авсан хүний тоо 2,118,000 гаруй байгаагаас 1.4 сая хүн эдгэрсэн байна.
Мөн нийт тус улсад 80 мянга гаруй хүн эндээд байгаа бол 647,000 хүн идэвхтэй халдвартай байгаа талаар Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр шинээр 40,400 гаруй хүн халдвар авч, нийт халдварын тохиолдол 1,118,000 гаруй болжээ.
Энэтхэгт халдвар авсан хүмүүсээс 27,000 гаруй нь эндээд байгаа юм.
Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 419 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдгээрийн 231 нь Канто бүсэд бүртгэгдсэн байна.
Австралийн холбооны улс өнгөрсөн 24 цагийн хугацаанд 57,000 гаруй сорьцод шинжилгээ хийж, 296 тохиолдлыг илрүүлэн бүртгэжээ. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 275 нь Виктория мужид дангаараа бүртгэлтэй байна.
Тус улсын хэмжээнд одоогоор 3,000 гаруй хүн идэвхтэй халдвартай байгаагаас 156 нь эмнэлэг хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсээс 33-ынх нь биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээ хийлгэж буй юм байна.
Солонгос улсад өчигдөр 45 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 20 нь дотоодын халдвар бөгөөд Сөүл хотод 18 нь бүртгэгдсэн байна.
Харин гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлуудын хувьд, Ирак улсад хөдөлмөр эрхэлж байсан солонгосын иргэд эх орондоо буцаж очсоноос илэрсэн байна. Мөн АНУ, Филиппин, Казахстан улсаас хэд хэдэн тохиолдол зөөвөрлөгдсөн гэж бүртгэжээ.
БНХАУ-ын эх газарт өчигдөр шинээр 11 тохиолдол бүртгэгдлээ. Тэдгээрийн 8 нь тус улсын Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутагт бүртгэгдсэн дотоодынх нь халдвар байсан бол 3 нь гаднаас зөөвөрлөгджээ.
Долдугаар сарын 15-ны өдрөөс хойш Шинжаан Уйгурын бүс нутагт коронавирусийн 47 тохиолдол батлагдаад байна.
Харин өнгөрсөн сараас эхлэн Бээжин хотод бүртгэгдээд байсан 335 тохиолдлоос дахин 12 хүн эдгэрчээ. Ингээд Бээжинд нэг голомтоос халдвар авсан 335 хүнээс нийт 231 нь эдгэрээд байгаа юм.
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт өчигдөр 73 хүн шинээр халдвар авжээ. Шинэ тохиолдлуудын 66 нь хүн амын дундах халдвар байсан аж.
Тус бүс нутагт сүүлийн үед халдвар тууштай нэмэгдсээр байгаа тул төрийн албан хаагчдыг гэрээсээ горимд шилжүүлсэн. Түүнээс гадна танхимын хичээлүүдийг наймдугаар сарын дунд үе хүртэл хаахаар шийдвэрлэжээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!