Цар тахлын үед иргэдийнхээ ажлын байрыг хадгалж, эдийн засгаа тэтгэнэ гэсэн сүржин мэдээлэл хийж гарч ирсэн У.Хүрэлсүхийн кабинет өнөөдөр иргэдээ дахин молигодов.
Тодруулбал, Засгийн газрын тэргүүн өнгөрсөн сард/2020.03.27/ мэдэгдэл хийхдээ бүх ААН, иргэнээ НДШ-ийн төлөлтөөс зургаан сар чөлөөлнө гэж байв.
2020.03.27:
Гэсэн ч хууль батлагдаж, журам гарахдаа зөвхөн үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан ААН энэ хөнгөлөлтийг эдлэхээр болсныг НХХ-ийн сайд С.Чинзориг өнөөдөр/2020.04.17/ танилцууллаа.
2020.04.17:
https://www.facebook.com/iKonNews/videos/229712431598919/
Энэ талаар өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газрын гишүүд тайлбарлахдаа зөрүүтэй мэдээллүүд өгч ирснийг доор жагсаав.
2020 оны гуравдугаар сарын 27-нд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх багц арга хэмжээгээ танилцуулах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
- 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэж байна.
Гуравдугаар сарын 30-нд энэ талаар ХНХЯамнаас тодруулахад:
Дөрөвдүгээр сарын 1-нд Засгийн газрын багц арга хэмжээг тайлбарлахдаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
- НДШ-ийг 0 болгож байгаа. Үүнд төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмч, түүний оролцоотой ААН-ийн ажиллагчид, тендер, гадаад зээл тусламжаар цалингаа авдаг компаниуд, ажиллагчдын НДШ төлөгддөгөөрөө төлөгдөөд явна.
Дөрөвдүгээр сарын 7-нд УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлын үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
- НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэж байгаа. НДШ төлдөг нийт 910 мянган хүн байгаа. Үүнээс 187 мянга нь төрийн болон төрийн өмчит, орон нутгийн өмчит байгууллагад ажилладаг 80 мянган хүн байна. Төрийн болон төрийн өмчит байгууллагад ажилладаг хүмүүсийг хасахаар цаана нь 640 мянган хүн байна.
Дөрөвдүгээр сарын 8-нд ХНХ-ын сайд С.Чинзориг:
- Засгийн газраас УИХ-д өргөн барьсан УИХ-ын тогтоол, холбогдох хуулиудын төсөлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажил олгогчийн болоод ажилтны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх асуудлыг тусгасан. Нийтдээ 45 мянган ажил олгогч хамаарна. Хувийн хэвшилд ажиллаж байгаа 572 мянган хүн энэ хөнгөлөлтөд хамаарахаар тооцсон. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэн, сайн дурын даатгалд хамрагддаг 186 мянган иргэн хамрагдана. Нийтдээ 800 гаруй мянган иргэн байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн арга хэмжээнд 800 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон.
УИХ-ын дарга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:
Засгийн газраас өргөн барьсан Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ дөрөвдүгээр сарын 9-нд баталсан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 17-нд Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх журмаа баталсан талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийхдээ:
Гэрэл зургийг mpa.mn
“НДШ-ийн хөнгөлөлтөд үйл ажиллагаа нь доголдож, борлуулалтыг орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүд хамаарна. Үүнд 45 орчим мянган ажил олгогч 700,000 даатгуулагч хамрагдана. 800-900 тэрбум төгрөгийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлт эдэлнэ.
Улсын хэмжээнд 1.1 сая ажиллагсдын 700 орчим мянга нь хуулийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана” хэмээн тайлбарласан бөгөөд энэхүү өөрчлөлтийг тайлбарлахдаа “Хууль ингэж батлагдсан” гэв.
Тодруулбал,
Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн дараах хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчаас бусад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно:
- а/төрийн байгууллагад ажиллаж байгаа даатгуулагч;
- б/төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагч;
- в/гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаар бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэсний төлбөрөөс цалин авч нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөх даатгуулагч.
гэж хуульчилжээ.
МҮХАҮТ-ын 1,500 аж ахуйн нэгжийн дунд аль гуравдугаар сарын 24-нд танилцуулсан судалгаагаар сар хүрэхгүй хугацаанд 500 орчим аж ахуйн нэгж ажилтнуудаа ямар нэг байдлаар цомхотгосон гэж мэдээлж байв. Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд энэ тоо нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй нь лавтай.
Түүнчлэн Үндэсний статистикийн хорооны 2020 оны эхний улирлын судалгаагаар бизнес регистрийн санд 190,500 хуулийн этгээд бүртгэлтэй байгаагаас 50.3% нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулсан 94,675 аж ахуйн нэгжийн
- 86.5 хувь нь 1-9 ажиллагчидтай
- 6.4% нь 10-19 ажиллагчидтай
- 4.5% нь 20-49 ажиллагчидтай буюу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид.
Үйл ажиллагааных нь чиглэлээр ангилж харвал 75.2 мянга буюу 79.5% нь худалдаа, үйлчилгээний салбарынх байгаа юм.
Нөгөө талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хамгийн сүүлийн тайлан буюу 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 42 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 679.8 мянган ажиллагчид НДШ төлсөн байна. Өөрөөр хэлбэл, НДШ төлж байгаа ААН 2020 он гарахаас өмнө 45,000 хүрээгүй гэсэн логик харагдаж байна.
Хамгийн гол нь эдийн засаг хүндэрч байгаа энэ нөхцөлд, орлого нь буурч байхад ажлын байраа хадгалж чадах 45,000 аж ахуйн нэгж байгаа гэдэг судалгааг танилцуулах шаардлагатай болж байна.
Ямартай ч анх бүх ААН, ажилтан албан хаагчдыг НДШ-ээс зургаан сар чөлөөлнө хэмээн мэдэгдсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санал явсаар явсаар үхэр тэрэг хийх гээд шүдний чигчлүүр болгоод дуусдаг бүтэлгүй эрийн үлгэр шиг аманд ч үгүй, хамарт ч үгүй “дэмжлэг” болон хувираад дуусахаар болж буйг дээрх мэдэгдлүүд харуулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!