Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Нэгдсэн төсвийн орлого 150 тэрбум төгрөгөөр тасалдаад байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ. 

Засгийн газраас: 

  • 2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөх,
  • 2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлст ХХОАТ ногдуулахгүй байх,
  • 2020 оны 04.01-10.01 хүртэлх зургаан сарын хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн ОАТ-аас чөлөөлөх
  • СOVID-19 халдварын тархалт, халдварын эрсдлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох,
  • Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгох зэрэг нийт долоон арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьжээ. 

Эдгээр асуудлын талаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн авдаг цалин, ажлын байр тогтвортой байгаа. Харин тендер аваад хэрэгжүүлж байгаа ААН-үүдийн НДШ болон хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ипотек, цалингийн зээлийн хэдэн хувийг төрийн албан хаагчид эзэлдэг вэ. Төсвийн тодотгол хийхгүй байгаа шалтгаанаа тайлбарлана уу. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Тодорхой нөхцөл биелэж байж төсвийг тодотгодог. Одоогийн байдлаар нэгдсэн төсөв 150 тэрбум төгрөгөөр тасалдаад байна. 

Улсын төсөв тоглоом биш. Хэн нэг нь гарч ирээд тодотго гэхээр тодотгочихдог юм биш. Хуулийн дагуу шаардлага биелэгдвэл төсөвт тодотгол хийнэ. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Хэчнээн ААН хаагдаад байна вэ. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүст 200 мянган төгрөг олгоно гэсэн. Хэдэн хүнд олгох юм бэ. Түрээслэгчдийн эрчим хүчийг тэглэж болоогүй юм уу. 800 мянган төгрөгийн цалин авч байгаад 200 мянган төгрөг аваад гэртээ суух юм уу. 

Хоёрдугаарт, ноолуурыг 100 мянгад хүргэнэ гээд 300 тэрбум төгрөг тавьсан. Яаж 100 мянга хүргэх юм бэ. Ихэнх нутгуудыг харж байхад ноолуурын үнэ 100 байтугай 50 мянган хүрэхтэй үгүйтэй байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэж байгаа. НДШ төлдөг нийт 910 мянган хүн байгаа. Үүнээс 187 мянга нь төрийн болон төрийн өмчит, орон нутгийн өмчит байгууллагад ажилладаг 80 мянган хүн байна. Төрийн болон төрийн өмчит байгууллагад ажилладаг хүмүүсийг хасахаар цаана нь 640 мянган хүн байна. НДШ-ээс чөлөөлөгдөхгүй гэдгээ томоохон ААН-үүд илэрхийлж эхэлсэн. Тэгэхээр энэ тоо буурах байх. 

Түрээсийн төлбөр төлж байгаа ААН-үүдийн хувьд түрээслүүлэгчийг түрээсээ буулгасан хэмжээгээр нь бүрэн хэмжээгээр татварын хасагдах зардалд оруулна гэж тооцсон. 30 хувиар түрээсээ буулгаад 200 мянган төгрөг алдсан бол түүнийгээ эргээд татварын орлого дээрээ шингээгээд явах боломжтой. Жишээ нь, Нарантуул захын удирдлага түрээсийн төлбөрөө буулгаж байгаагаа мэдэгдсэн. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Эрчим хүчний үйлдвэрлэл алдагдалтай явагддаг. 2019 онд 11 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Эрчим хүчний үйлдвэрлэл явуулахын тулд нэг их наяд төгрөгийн зардал гарч байгаа. Энэ зардлыг гаргах юм бол эрчим хүчний төлбөрөөс чөлөөлж болох байх л даа. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Энэ жилийн ноолуур зорилтот дундаж үнийг 100 мянган төгрөг гэж зарласан. Ноолуур чанар, бэлдэж байгаа хугацаанаас хамаарч янз бүрийн үнэтэй байдаг. Одоо ноолуур бэлтгэлийн ажил эхэлж байна. Үндэсний үйлдвэрийг бодлогоор дэмжиж гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкнаас олгоно. Орон нутагт үйлдвэрүүд өөрөө ноолуураа бэлдэнэ. 

Худалдан авсан ноолуураа яах вэ гэж байна. Бид нийт 10 тн ноолуур бэлдэнэ гэж тооцоолсон. Бэлтгэсэн бүх ноолуураа угаана. Үүний 3,000 тн-ыг нь самнана. Үйлдвэрүүдийн авсан 3,000 тн бүгд сүлжмэл бүтээгдэхүүн болох боломж бий. Үлдсэн 7,000 тн-ыг дуудлага худалдаагаар борлуулна.