Коронавирустэй холбоотойгоор дэлхийн болон Монголын эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой судалгаа, санамж, цаашид улсаас авч хэрэгжүүлбэл зохих зүйлсийн талаар Монголын Үндэсний Худалдаан Аж үйлдвэрийн танхим болон эдийн засагчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын бизнесийн орчинд ямар нөлөө үзүүлж буйг харуулах зорилгоор МҮХАҮТ 1,100 гаруй компаниас “COVID-19 вирусийн ажлын байрны нөлөөллийн судалгаа” гуравдугаар сарын 3-нд хийж, үр дүнг нь танилцуулахад компаниудын 4.5% нь ямар нэгэн байдлаар ажлын байраа цомхотгож байна гэсэн бол өнөөдрийн танилцуулж буй судалгаагаар (1,500 гаруй компани хамарсан) 33% болж өссөн гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мэдээллийн эхэнд онцлов.
Өөрөөр хэлбэл, 495 компани сүүлийн сар хүрэхгүй хугацаанд ажлын байрандаа ямар нэгэн цомхотгол хийсэн байна.
Тэрбээр "Коронавирус хоёр долоо хоногийн өмнө нийт компаниудын 57%-д нь маш их нөлөө үзүүлж байсан бол өнөөдөр 67.4 хувьд нь нөлөөлжээ. Тэр дундаа аялал жуулчлал, зочид буудал, хоолны газар, боловсролын байгууллагуудад үзүүлж буй нөлөө нь өндөр байна. Сүүлийн хоёр сар хүрэхгүй хугацаанд судалгаанд оролцсон нийт компаниудын 33% нь ажлын байраа ямар нэгэн байдлаар цомхотгосон гэх хариултыг өглөө.
Энэ байдлаас харвал Засгийн газар шуурхай, оновчтой арга хэмжээг одоо авахгүй бол ойролцоогоор 260,000 хүн ажилгүйдлийн эгнээнд шилжиж, 20 гаруй компани хаалгаа барихад хүрээд байна. Үүнийг дагаад нийгэм, эдийн засгийн маш том гинжин хямрал үүсэх эрсдэл буйг өнөөдрийн энэ судалгааны дүн нотолж байна" гэв.
График 1. Covid 19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ нь танай бизнест нөлөөлсөн үү?
График 2. Танай компани ажлын байраа хадгалж үлдэхэд ямар асуудал тулгарч байна вэ?
Ажлын байрны тоо, ажиллах цаг, ажиллах хэлбэрт өөрчлөлт орсон шалтгааныг харвал,
Ажлын байрны тоог цөөлнө, цомхотгол явуулна гэж буй компаниудыг салбараар авч үзвэл,
График 3. Ажлын байраа хадгалж үлдэхэд төрөөс шаардлагатай дэмжлэг
Эдгээр тоо баримтуудаас харвал үндсэндээ Монголын нийт аж ахуйн нэгжийн 90 хувьд нь томоохон хүндрэл, цохилт өгч эхэлсэн байгаа юм.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Засгийн газар хоёр долоо хоногийн өмнө нэлээд төлбөр, торгууль, НДШ-ийг хойшлууллаа гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Бодит байдал нь хувийн аж ахуйн нэгжүүд болон иргэдэд дарамт шахалт ирсэн хэвээр байна.
Мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэхээр Монголбанк олон асуудлыг шийдсэн ч харамсалтай нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан шийдвэр нь өнөөдрийг хүртэл албан ёсоор яаж хэрэгжүүлэх нь тодорхой болоогүй, хоёр долоо хоногийн дараа гарна гэсэн хүлээлттэй байх жишээтэй.
Энэ нь өөрөө маш их төвөгтэй байдлыг үүсгэж байгаагаас гадна, арилжааны банкууд дээр хүндрэл үүсгэж, нөгөө талд иргэдийг төөрөгдөлд оруулж байна
Ер нь төрийн аливаа шийдвэр бүрэн тооцоо судалгаагүй дутуу гардаг. Энэ нь ажил хэрэг болох явцдаа ямагт хувийн хэвшлийг хохироож, чирэгдүүлж ирсэн болох нь энэ жишээнээс харагдаж байна” хэмээн нэмж тодруулсан юм.
Түүнчлэн өнөөдрийн мэдээллээс онцлох дараагийн нэг зүйл нь COVID-19 вирустэй холбогдуулан нийгэм, эдийн засагт үүсэж буй одоогийн болон цаашдын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй судалгааг эдийн засагч Б.Дөлгөөн хийжээ.
Уг судалгаа нь эдийн засаг дахь нөлөө буюу компани дампуурах, иргэд ажилгүй болох, ядуурал гүнзгийрэхээс сэргийлэх арга хэмжээний талаар сүүлийн хоёр долоо хоногт хийгдсэнээрээ онцлогтой.
Эдийн засагч Б.Дөлгөөн ”Энэ судалгаагаагаар хэн нэгнийг, ямар нэгэн байгууллагыг шүүмжлэх гэсэнгүй. Хамгийн гол нь одоо засаг барьж буй эрх баригчид яаралтай, зөв арга хэмжээг авахгүй бол манай улсын эдийн засаг ойрын хугацаан хэцүүдэх гэж буйг судалгааны тоо баримт харууллаа.
Дэлхий дахинд коронавирусээс үүссэн эдийн засгийн нөлөө нь SARS, MERS-тэй биш 2009 оны хямралын шинж чанартай илүү адилхан байна. Өөрөөр хэлбэл, энэ бол энгийн ханиад биш, эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх хямралын түвшний шок буюу нийгэмд гарч буй үзэгдэл.
Манай улсын засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг нэрлэсэн. Гэхдээ энэ хангалтгүй бөгөөд шок орж ирэхэд үүнээс том оновчтой арга хэмжээ авах шаардлагатай. Улс орон бүр өөрсдийн онцлогтоо тулгуурлан салбартаа гарч буй асуудлуудыг шийдэхийн тулд арга хэмжээгээ авдаг. Бусад улс ингэж байна гээд дуурайна гэсэн үг биш. Арга хэмжээ авахдаа нотолгоонд суурилсан арга хэмжээ авахаас биш улс төр дээр суурилсан арга хэмжээ авч болохгүй.
Сонгуулийн дараа энэ улс, энэ эдийн засаг байж л байна. Сонгуулиа бодоод эдийн засгаа хохироох арга хэмжээ авбал сүүлд нь бүгд хохирч үлдэнэ.
Тодруулбал, Монгол Улс 2020 оны төсвөө батлахдаа коронавирус болох талаар ямар ч төсөөлөлгүй баталсан. Тэгэхдээ маш өөдрөгөөр төсөөлсөн бөгөөд дэлхийн эдийн засгийг 3.5 хувь, БНХАУ-ын эдийн засгийг 6 хувийн өсөлт үзүүлнэ гэж төсөөлсөн. Гэвч одоо БНХАУ-ын эдийн засаг 4 хувь, дэлхийн эдийн засгийн өсөлт 1.5 хувь руу бууж ирлээ.
Үндсэндээ манай эдийн засагт орж ирэх орлогын хэмжээ буурах нь тодорхой болчихсон. Мөн экспорт буурах нь, эдийн засагт орж ирэх валютын хэмжээ багасах нь мөн л тодорхой болсон. Бүх тооцооллоос харахад бидэнд орлого талдаа нэг их наяд дутаж, зарлага талдаа хоёр их наядаар илүү байхаар байна. Эдгээр дүн эцэстээ зээл болж үлдэнэ. 2020 онд төрийн худалдан авах ажиллагаанд 2.5 их наяд төгрөг төлөвлөгдсөн ба нийт тендерийн 50-аас дээш хувийг шалгаруулахаар төлөвлөсөн хугацаа нь 2020 оны эхний гурван сард байна.
Үндсэндээ энэ жилийн төсөв сонгуулийн төсөв болсон. Дээрээс нь коронавирусийн хямралын эсрэг төсвөө тодотгоод, ажлын байраа хамгаалаад, компаниуд дампуурах, ядуурал нэмэгдэх эрсдлээс ард түмнээ хамгаалах зүйл хийе гэхээр ерөөсөө хөдлөхгүй байна. Хэрвээ эдийн засгаа наадмын дараа гэхэд боломжийн байлгая гэвэл өнөөдрөөс эхлээд арга хэмжээ авахгүй бол байдал улам муудна.
Сүүлийн хоёр сар ажилгүй болсон иргэд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийн сангаа яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд тэтгэмж авах үйл явцыг нь ч хөнгөвчлэх хэрэгтэй. Сул зогсолт хийж буй байгууллагууд 60 хувийн цалингаа олгодог. Үүний 50 хувийг төрөөс өгөх хэрэгтэй.
Хэрвээ ажлын байр хомстож, ажилгүйдэл нэмэгдэж , хувийн бизнесүүд хаагдаад ирвэл нөхцөл байдал хүндэрнэ.
Ажилгүйдэл ихсэхээс өмнө, бизнесүүд дампуурахаас өмнө арга хэмжээ авахгүй бол эргэж босгох зардал нь одоо гаргах зардлаас хэт том болно шүү. Гаднын орныхон интервенцээ хийгээд эхэлж" гэлээ.
Судалгаанаас гарсан дүгнэлт, зөвлөмжийн талаар дараах зүйлсийг онцолж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!