Уншиж байна ...

Илон Маск сөнөөгч онгоц үйлдвэрлэгчдийг “тэнэгүүд” гэж доромжлов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын шинэ засаг захиргааны төсвийг танах, хэмнэх албан тушаалд томилогдоод буй тэрбумтан Илон Маск орчин үеийн байлдааны сөнөөгч онгоц үйлдвэрлэгчдийг шүүмжилсэн нь анхаарал татаж байна.

“Дроны эрин үед сөнөөгч онгоцнууд хоцрогдсон. Энэ нь зөвхөн нисгэгчдийг алах зориулалттай эд болоод байна” гэж тэр Даваа гарагт өөрийн сошиал хуудсанд бичжээ.

Түүний шүүмжлэл Lockheed Martin компани 2015 оноос АНУ-ын армид нийлүүлж эхэлсэн шинэ үеийн сөнөөгч онгоц F-35-ыг чиглэсэн нь тодорхой байлаа.

“Гэтэл зарим тэнэгүүд F-35 шиг нисгэгчтэй онгоц бүтээсээр байна” гэж цааш нь бичихдээ тэр Хятадын олон зуун нисгэгчгүй онгоц тэнгэрт эргэлдэж буйг харуулсан дүрс бичлэгийг хавсаргажээ.

F-35 нь одоогоор дэлхийн хамгийн дэвшилтэт технологитой, радарт илэрдэггүй сөнөөгч нисэх онгоц юм.

Үүнийг бас тагнуулын мэдээлэл цуглуулах зорилгоор ашигладаг.

Герман, Польш, Финланд, Румын зэрэг улс орнууд саяхан уг онгоцыг зэвсэгт хүчиндээ авах гэрээ байгуулаад байгаа юм.

Гэхдээ уг онгоцны техникийн асуудлууд, үйл ажиллагааны маш өндөр зардал нь шүүмжлэл дагуулдаг.

“F-35 нь маш олон захиалагчийн хэтэрхий олон шаардлагыг биелүүлэх гэсний улмаас дизайн хийцийн хувьд алдаатай болсон техник” гэж Маск шүүмжилжээ.

Гэхдээ зарим судлаачид Маскийн шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна.

Тухайлбал Цюрих дэх Швейцарын Холбооны Технологийн Хүрээлэнгийн судлаач Мауро Гилли “F-35 онгоцыг өндөр өртөгтэй болгож буй зүйл нь нисгэгч биш, программ хангамж, электроник нь юм. Дроныг үүнтэй ижил түвшинд хүргэе гэвэл зардал нь бас өндөр болно” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Бас F-35 нь АНУ-ын өрсөлдөгчдөд үүнээс дутахгүй хүчирхэг сөнөөгч онгоцтой болох, илрүүлж чадах шинэ радарын системтэй болох дарамт учруулдаг болохыг тэр хэлсэн байна.

“Зүгээр л F-35, B-1 зэрэг орчин үеийн онгоцтой байснаараа Орос, Хятад зэрэг улсуудыг стратегийн сонголтгүй болгож байгаа юм. Маскийн зөв байгаад тэдгээр үнэтэй программуудыг устгавал өрсөлдөгчдөд тулгарч буй дарамтыг сулруулахаас өөр нөлөө үзүүлэхгүй” гэж Гилли бичжээ.

 

Эх сурвалж: AFP